Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой өнөөдөр тохиож байна

 Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 6-р сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй.

Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цолыг олголоо. Түүнчлэн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй 18 алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.

Түүхт 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид баярын хурлыг зохион байгууллаа. Тус хуралд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар болон бусад албаныхан оролцсон юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эх орон, ард түмнээ гамшгийн аюул, эрсдлээс хамгаалахын төлөө алтан амиа зориулах тангарагтай, нэр хүнд, сахилга бат, ажил үйлсээрээ үлгэр дуурайл үзүүлж байдаг алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг бөгөөд Та бүхнийг “Энх цагийн эгэл баатрууд” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч цаашид гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжих болно. Эрхэм хүндэт цэрэг эрс, Онцгой байдлын алба хаагчид Та бүхнийхээ онцгой хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээгээд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-аар тус албанд 17 дахь жилдээ ажиллаж буй Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ж.Балданнямыг шагнасан юм.

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг энэ жилээс эхлэн жил бүр олгох юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын албаны хүндэт генерал, офицер, ахлагч нар болон нийт бие бүрэлдэхүүнд 18 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн түргэн шуурхай, найдвартай хүргэдэг, хамгийн нэр хүндтэй, олны итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын алба ямагт хошуучлан ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж хэлсэн юм. Тэрбээр “Онцгой байдлын байгууллагын чадавх өдрөөс өдөрт өргөжин тэлж, аврагч, гал сөнөөгч нар маань газрын гүнд, гадарга дээр, ууланд, агаарт, усанд гээд шаардлагатай бүхий л обьектод хаа сайгүй үүрэг гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж байна. Монгол Улсын төсөв болон эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, хүндрэлтэй байгаа хэдий ч гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор сүүлийн 5 жилийн хугацаанд 31 анги, салбар нэгжийг шинээр байгуулж Онцгой байдлын алба 790 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ.
Тэр дундаа Монгол Улс, Франц улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийн хүрээнд Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг нээж, өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэгээр зам тээврийн ослын улмаас хүндээр бэртэж гэмтсэн 9 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дараагийн шатлалын эмнэлэгт шуурхай хүргэн өгч амь насыг нь авраад байна. Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн Минжийн хангайн ойн түймрийг унтраахад 3 удаагийн нислэгээр 40 гаруй гал сөнөөгч, аврагчдыг авто тээвэр болон ердийн хөсгөөр очих боломжгүй газруудад шуурхай хүргэж, түймрийг цаг алдалгүй унтраасан зэрэг үүрэг гүйцэтгээд байна. Эдгээр нь Агаараас эрэн хайх, аврах анги байгуулсны ач холбогдлыг илэрхийлж буй хэрэг юм” хэмээн онцоллоо.

ОБЕГ нь 18 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгчид эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг чадварлаг гүйцэтгэж, нийт 24301 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгжийн 572,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Энэ үеэр Сүхбаатарын талбайд Агаараас эрэн хайх, аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангиуд Эрэн хайх, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин, холбооны багаж хэрэгсэл, эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын материалуудыг иргэд олон нийтэд дэлгэн үзүүлж, алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.