ХҮЛЭГҮ ХААНЫ ЗУНЫ ОРД ХОТЫН ТУУРИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

 ХҮЛЭГҮ ХААНЫ ЗУНЫ ОРД ХОТЫН ТУУРИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Их Сургууль болон Турк улсын Измир хотын Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид Ил хаан Хүлэгүгийн байгуулсан Аладагийн зуны ордны хайгуулын ажлын эхний шатыг амжилттай дуусгажээ. Эртний Перс, Армени хэл дээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг Лавтай сагут буюу Лавтай суух газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэхүү зуны ордны туурийг нээж, түүхэн баримт, мэдээллийг баталгаажуулах ховор үнэ цэнэтэй олдворуудыг ийнхүү илрүүлжээ.

Д.Анхбаяр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор

-Өнгөрсөн хугацаанд судалгааны багийнхан цөөнгүй бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын түүх судлалд үнэтэй хувь нэмэр оруулах уг төслийн үр дүнг сайшааж, санхүүгийн болон шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн гэж тэрээр тодотголоо. Аладагийн зуны ордонд томоохон их хуралдай тогтмол болдог байснаас гадна хамгийн багадаа 1200х1200 метр талбай бүхий орд хот байсан гэх дүгнэлтэд хүрчээ. Хээрийн судалгааны эхний шатанд илрүүлсэн эдгээр олдворууд нь түүх соёлын эд өлгийн чухал судлагдахуун болох бөгөөд цаашид үе шаттайгаар малтлага, судалгааг үргэлжүүлэн хийх юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.