Нийслэлийн ИТХ, Чүньчон аймгийн ИТХ-ын хооронд түншлэлийн санамж бичиг байгууллаа

 Нийслэлийн ИТХ, Чүньчон аймгийн ИТХ-ын хооронд түншлэлийн санамж бичиг байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын Чүньчон аймгийн ИТХ-ын дарга Пак Мүн Хэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ”Талууд харилцан туршлага судлах, тэр дундаа шинжлэх ухаан, инноваци, техник технологийн дэвшлийн ноу хау, ололт амжилтыг нутагшуулах нь чухал юм. Тэр дундаа дэлхий даяар байгальтай зүй зохистой харьцах, ногоон, тогтвортой хөгжлийг эрэлхийлж буй өнөө үед энэ талын хамтын ажиллагаа талуудын харилцааны суурь байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Мөн Монгол орон даяар өрнөж буй “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг Чүньчон аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд өгч, үндэсний арга хэмжээ болон үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтоо биелүүлэхэд Чүньчон аймагтай хамтран ажиллах талаар дурдсан юм. 

Харин ноён Пак Мүн Хэ “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-ыг тус аймаг БНСУ-ын бусад аймаг, мужуудаас түрүүлж хийх зорилт тавьснаа танилцууллаа. Мөн эдийн засаг, үйлдвэрлэл…зэрэг бүх талаар хоёр тал хамтран ажиллах боломжтойг онцлов. 

Уулзалтад Төлөөлөгч Д.Ихбаяр, Б.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс байлцав. 

Уулзалтын дараа Монгол Улсын Нийслэлийн ИТХ болон БНСУ-ын Чүньчон аймгийн ИТХ-ын хооронд түншлэлийн санамж бичгийг байгуулсан юм. Энэхүү баримт бичгийн зорилго нь талууд хамтын ажиллагааны хүрээнд туршлага судлах, цаашид улам өргөжүүлэх тухай юм. Улмаар Улаанбаатар хот болон Чүньчон аймгийн хооронд эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын солилцоог ахиулахад идэвхтэй дэмжин ажиллана. Мөн Чүньчон аймгийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлсэн туршлагыг Улаанбаатарын цахилгаан, дулааны төвлөрсөн бүс хангамжтай бүсэд нэвтрүүлэх чиглэлд хоёр тал анхаарч ажиллахаар боллоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.