ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлалт хүслээ

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдээс уучлалт хүслээ

Дугуй цагааны орчим газар чөлөөлөлт хийхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  шавар гэрүүдийг буулгасан. Энэ үйл явцыг сурвалжилж байсан сэтгүүлчийн биед цагдаагийн албан хаагчид зүй бусаар халдсан үйлдэл гарсан. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлийг булаан авч, зургаан цагийн турш саатуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2022.06.10/ сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгүүлчдээс уучлалт хүслээ.

“Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна.

Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.

Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.

ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно” гэж Х.Нямбаатар сайд цахим хуудсандаа бичжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.