Збигнев Рау: Польш улс Монголтой цар тахал хумигдаж буй энэ үед улс төрийн яриа хэлэлцээгээ сэргээж байна

 Збигнев Рау: Польш улс Монголтой цар тахал хумигдаж буй энэ үед улс төрийн яриа хэлэлцээгээ сэргээж байна

Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау энэ сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд ярилцлага өглөө.

-Юуны өмнө өнгөрсөн жил Польш Улс Элчин сайдын яамаа 10 жилийн дараа дахин сэргээн нээсэнд талархал илэрхийлье. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 70 жил боллоо. Хоёр орны өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа болоод хэтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

-Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж буйд сэтгэл нэн таатай байна.

Ялангуяа худалдааны нийт бараа эргэлтийн түвшин өссөөр байгаа юм. Бид COVID-19 цар тахал хумигдаж буй энэ үед улс төрийн яриа хэлэлцээгээ сэргээж эхэлж байна. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсад хийж буй айлчлал маань юм. Түүнчлэн бид  Польш Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд бэлтгэж байгаа бөгөөд айлчлал энэ онд хэрэгжих болов уу хэмээн найдаж байна.

Польш улс эдийн засгийн хамтын ажиллагааг ихэд чухалчилж үздэг. Тэр дундаа хоёр талын тэргүүлэх чиглэл болох зэсийн хайгуул, олборлолт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид хүчин чармайлт гарган ажиллах болно. Манай зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ Монголд нэлээд өндөр, нийтэд танигдсан гэдгийг Польшийн үйлдвэрлэгчид мэддэг, онцгойлон анхаардаг болохыг тэмдэглэмээр байна. Бид энэ нөөц бололцоог цаашид улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яамыг дахин сэргээн нээх шийдвэр гарсан нь ойн арга хэмжээний чухал үйл явдлын нэг байлаа. Энэхүү шийдвэр нь Польш улс Монгол Улстай харилцаа хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулдгийн нэг илрэл юм. Манай улс дипломат төлөөлөгчийн газраа дахин сэргээсний үр дүнд хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

-Польш улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг (ЕАБХАБ) даргалж байна. Бүс нутагт олон улсын нөхцөл байдал төвөгтэй энэ үед ямар асуудлыг чухалчилж авч үзэж байна вэ. Цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар дурьдана уу?

-Украины эсрэг дайн түрэмгийллийн эхэн үеэс бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажил, цаг үеийн нөхцөл байдалтай даргалагч орны хөтөлбөрийг уялдуулан боловсруулж байгаа. Нэн тэргүүнд Оросын талыг зэвсэгт түрэмгийллээ зогсоохыг шаардахын зэрэгцээ дайны хөлд нэрвэгдсэн  энгийн ард иргэдэд дэмжлэг үзүүлэхэд хүчин чармайлт гарган холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. ЕАБХАБ болон НҮБ-ын гишүүн ихэнх орон Украины эсрэг үйлдсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруушааж байгааг бид санах ёстой. Оросын энэхүү дайны ажиллагаа олон улсын эрх зүй, дэг журам, дүрэм болон хүний эрхийг өргөн хүрээгээр зөрчиж байгаа. Мөн нийтийг хамарсан хямралт, түгшүүртэй  нөхцөл байдал бий болж байгаа нь бидний санааг их зовоож байна.  

Оросын түрэмгийлэл эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойн  ЕАБХАБ-ын даргалагч улсын хувьд тус байгууллагын үнэт зүйл, зарчим болох зөрчил сөргөлдөөнийг цэрэг зэвсгийн бус аргаар шийдвэрлэх, тусгаар тогтносон улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, олон улсын байгууллагын гишүүнчлэл болон холбоотноо сонгох эрхээ эдлэх зэрэг асуудлаар бид хатуу байр сууриа илэрхийлсээр байгаа.

Украины эсрэг Оросын ямар ч шалтгаангүй түрэмгийлэл нь олон улсын эрх зүй, дэг журам болон НҮБ-ын дүрмийг зөрчсөн, Европ төдийгүй даян дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл юм. Энэ утгаараа Оросын түрэмгийлэл нь тус байгууллагын үнэт зүйл болох улс төрийн яриа хэлэлцээр хийх, аливаа сөргөлдөөнийг энх тайван замаар шийдвэрлэх зарчмуудыг үл тоомсорлосон үйлдэл  хэмээн үзэж байна. Энэ дайн Орос болон Украины хооронд хязгаарлагдсан гэхээ илүүтэй дэлхийн II дугаар дайны дараа олон улсын аюулгүй байдлын системийг хангах Хельсинкийн улс хоорондын харилцаанд баримтлах үндсэн зарчмыг хөндсөн асуудал болсон. Бидний гол зорилго бол  ЕАБХАБ-ын зарчим, үүргийг гишүүн орнууд бүгд даган мөрддөг болоход чиглэнэ. 

Түүнчлэн дайныг нэн даруй зогсоож,  тусгаар тогтносон Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэн үзэх үүднээс цаашид энхийг сахиулах ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. ЕАБХАБ нь хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр, дотоодын шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэх, мөргөлдөөний дараах сэргээн босголт зэрэг хөтөлбөрүүдийг шаардлагатай улс оронд хэрэгжүүлдэг. ЕАБХАБ-ын хэрэгжүүлж буй аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурласан цэрэг-улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн цогц арга хэмжээ нь оновчтой, нэн шаардлагатай болох нь харагдаж байна. Бид аливаа улс орны аюулгүй байдал, тогтвортой тэнцвэртэй хөгжих боломжийг бүрдүүлэхдээ бат бөх үндэс суурьтай, цогц шийдлийн хүрээнд асуудлыг авч үзэх нь зүйтэй юм. Ийм хандлага Монгол Улсын ашиг сонирхолд нийцсэний үндсэн дээр 10 жилийн өмнө ЕАБХАБ-ын нэгэн гишүүн орон болсон нь дамжиггүй. Польш ЕАБХАБ-ын даргалагч улсын хувьд өнөөгийн үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаах, зөрчил мөргөлдөөнийг зохицуулахын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа. Украины дайнтай холбоотой өнөөгийн хүндхэн сорилтуудын зэрэгцээ Приднестрийн ирээдүйн статусыг тодорхойлох үүднээс Молдав, Өмнөд Кавказын бүс нутаг дахь оролцоогоо үргэлжлүүлэх болно. Төв Ази, Балканы хойгийн орнуудад орон нутгийн өөрийн удирдлага, дотоодын шинэчлэл, авлигалын эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хамт эрчим хүчний шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах нь манай үйл ажиллагааны чухал чиглэл юм. Манай гишүүн орнууд өндрөөр үнэлдэг ЕАБХАБ-ын энэ үйл ажиллагаа олон улсад болон бүс нутагт үүсээд буй дайны хүнд нөхцөл байдлыг үл харгалзан  өмнөхийн адил үргэлжлэх болно.Энэ бол ЕАБХАБ-ын чадвар, чадамжийг харуулж үр дүнтэй үйл ажиллагааных нь нэгэн илрэл болж байдаг зүйл юм.   

-Олон улсын нөхцөл байдлын улмаас зарим нэг улс орноор дамжин өнгөрөх асуудал боломжгүй байгаа. Хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлтийг хэвийн болгох, нэмэгдүүлэхэд энэ нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзэж байна вэ?

-Одоогийн байдлаар манай хоёр улсын хооронд ачаа тээврийн асуудал хэвийн байгаа. Олон улсын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс үүдэн дамжин өнгөрөх тээврийн асуудал хүндрэлтэй болохыг үгүйсгэхгүй. Бид нөхцөл байдлыг хянаж байгаа. Монголын талтай хуурай замын тээврийн уламжлалт чиглэлээс гадна өөр ямар замаар тээвэр гүйцэтгэж болох талаар ярилцаж байна. 

-Өнгөрсөн жил Монголд нэлээн өргөн хүрээнд зохион байгуулагдсан Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдаан таны ивээл дор болж монголчууд талархан хүлээж авсан. Үүнийг  хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйн нэг илрэл гэж ойлгож байна. Соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд ямар томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Миний айлчлалын үеэр Польшийн анхны Үндсэн хуулийн тавдугаар сарын 3-ны өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт хийхээр хөтөлбөрт тусгасан. Энэ оны намар Улаанбаатар хотноо манай нэрт дуучин Анна Мария Ёопекийн концерт, Монголын Хөдөө аж ахуйн их сургууль Элчин сайдын яам болон Польшийн Хөдөө аж ахуйн сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, Польшийн кино өдрүүд зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Варшавын киноны наадамд Монголын уран бүтээлчид дауны хам шинжтэй хүүгийн дүрийг онцлон гаргасан “Tрио” киногоор оролцохоор болсон.  

-Польшийн их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн олон мянган төгсөгчид байдаг. Мөн манай улсад Польш хэлээр ярьдаг хүмүүс хамгийн олон байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын цаашдын хамтын ажиллагаа тэр дундаа Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн оюутан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар  Польш улсын Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?

-Польшийн Засгийн газар манай хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг олон жилийн турш дэмжин ажиллаж ирсэн. БНПУ болон Монголын Улсын БШУЯ хооронд дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд 22 монгол оюутан суралцана. Түүнчлэн 1999 оны Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээний дагуу энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит тэтгэлэг авсан оюутнууд манай улсад суралцах юм. МУИС-д польш судлалын тэнхим үйл ажиллагаа явуулдаг нь бидний бас нэгэн бахархал мөн. Шинжлэх ухаан, дээд боловсролын салбар хоорондын шууд хамтын ажиллагаа мөн идэвхтэй өрнөж байна. Одоогийн байдлаар геологийн судалгааны байгууллага, Катовицийн Шлонскийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль болон Монголын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал яригдаж байна.

-Монголчууд БНПУ-ын үндэсний ангилал бүхий визийг Бээжин дэх танай Элчин сайдын яаманд мэдүүлдэг нь иргэдэд хүндрэл учруулдаг. Иймд Улаанбаатар дахь Элчин сайдын яам Консулын газраа хэзээ нээж, удаан хугацааны виз олгохоор төлөвлөж байгаа вэ?

-Улаанбаатар дахь Бүгд найрамдах Польш улсын Элчин сайдын яам визийн мэдүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс авч эхлэхээр болсон. Богино хугацааны визийг Улаанбаатар дахь эрх бүхий визийн төв хүлээн авч байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.