Д.БОЛД: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож магадгүй

 Д.БОЛД: Эрээн хотод 21 хоног хатуу хөл хорио тогтоож магадгүй

Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн боомтод дахин хөл хорио тогтоогоод буй. Тус хотод Covid-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол энэ сарын 2-нд бүртгэгдсэн тул ийнхүү тодорхойгүй хугацаагаар халдвар хамгааллын дэглэмийг чангаруулаад байна.Улмаар Монголын импорт, экспортын сэргэх найдвар ч замхарч, хүнс бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх вий гэсэн болгоомжлол үүсэв. Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос  цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

———————————–

Эрээн хотод хөл хорио тогтоосноос хойш халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон.Энэ шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан. Уг мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын 34 тохиолдол батлагдсан. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авсан. Мөн тус хотод тусгаарлах шаардлагатай иргэдийг ойр хотууд руу тусгаарлах арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл байна.

Хатуу хөл хориог хэр удаан хугацаанд тогтоох бол. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Та бүхэн санаж байгаа бол 2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна.

Хятадын талаас Монгол Улсад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх тухай шаардлага, зөвлөмжийг өгсөөр байсан. Өнгөрсөн хугацаанд Монголын талаас Covid-19 халдварын тохиолдол жолооч нараас зөөвөрлөгдөж бүртгэгдсэн тохиолдол цөөнгүй. Сүүлд Эрээн хотод бүртгэгдсэн Covid-19 халдварын дөрвөн тохиодол Монгол Улстай холбоотой юу?

-Албан бус эх сурвалжийн мэдээллээр Эрээн хотод сүүлд бүртгэгдсэн Covid-19 халдварын дөрвөн тохиолдол Монгол Улсаас зөөвөрлөгдөөгүй. Яагаад гэвэл тэг цэгийн чингэлэг солилцох талбайд солилцоо хийж байгаа тул хүн хоорондын харилцаа үүсэхгүй, халдвар дамжих нөхцөл байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу мөрдөж тээвэрлэлт хийж байгааг та  бүхэн мэднэ.

Эрээн хотын дотоодод гарч буй албан бус мэдээллээс харвал нутгийн гүнээс ирсэн хүнсний ногооны жимсний сав баглаа боодлоос Covid-19 халдвар дэгдсэн байх магадлалтай.

Халдварын эх үүсвэрийн тухай албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн газраас одоогоор мэдэгдсэн зүйл алга.

Өнөөдрийн байдлаар Хятадын талаас Монгол Улсын хилээр нэмэлт бараа нэвтэрч байна уу. Хилийн нөхцөл байдал ямархуу байна?

-Эрээнд  хатуу хөл хорио тогтоосон учраас ачилт хийгдээгүй. Эрээн хотоос өргөн царигаар гал тэрэг энэ сарын 2-оос зогссон. Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо байсан. Эдгээрийг Эрээн хотын “Хао Ган”-аас тээвэрлэдэг байсан бол зогсоод байна. Мөн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг  “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт зогссон байдалтай байна.Энд 300 гаруй чингэлэг байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

Тэгэхээр жимс, нарийн ногооны хомсдол дахин үүсэх эрсдэлтэй  гэсэн үг үү?

– Монгол Улсын  хувьд импортын бүтээгдэхүүнээс хараат. Тиймээс  бид эхний ээлжид нарийн ногоо, жимсний тээвэрлэлт хийдэг ажилчдыг тусгаарлаж ачилт хийж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн чингэлэг солилцоог тасралтгүй үргэлжлүүлэх гарцыг эрж ярилцаж байна.

Хятадын талтай чингэлэг солилцох тээвэрлэлт эхлүүлэхэд 170 гаруй төрийн албан хаагчийг “Хуан Юй” бүсийн дэргэд тусгаарлалтын талбайд тусгаарлаж Эрээний талд харьцаа үүсгэхгүй тээвэрлэлт хийж байсан дэглэм үргэлжилж байгаа. Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээр ачаа орж ирээгүй үед эдгээр хүмүүс ажилгүй тусгаарлалтад л байна гэж ойлгож болно.

Хилийн боомтуудын нөхцөл байдал ямархуу байна. Тээвэрлэлт хэвийн байгаа юу?

-Эрээн хот анх хөл хорио тогтоож бүх зүйл зогсч хаагдаж байсан шиг нөхцөл байдалд хараахан ороогүй байна. Өдөрт дунджаар 30-40 чингэлэг татан авч байна. Дээр нь овор хэмжээ ихтэй Тяньжинд гацсан ачааг татан авах ажлыг тавдугаар сарын 15-аас эхлүүлсэн. Сүүлд БНХАУ-д үндэсний “Луут завины баяр” зургадугаар сарын 3-нд болж бүх нийтээр амарлаа. Мөн  Эрээн-Замын-Үүд боомтод зургадугаар сарын 2-нд Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Монгол руу чингэлэг татан аваагүй.

Зургадугаар сарын 4-өөс өдөрт дунджаар 70 чингэлэг хилээр нэвтэрч байсан нь хоёр дахин буурч 40 гаруй чингэлэг болсон. Бодит нөхцөл байдал ийм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Хятадын хил дээр төмөр замын нэг боомт, Замын-Үүд Эрээн, автозамын таван боомт хэвийн ажиллаж байна. Үүнд,

  • Булган
  • Шивээхүрэн
  • Гашуунсухайт
  • Ханги
  • Замын-Үүд
  • Төмөр замын нэг гээд нийт зургаан боомт ажиллаж байна.

Шивээхүрэн боомтын тухайд Хятадын талтай удаан хугацаанд ярилцсны эцэст тавдугаар сарын 25-аас нээсэн. Чингэлэгт нүүрсний экспорт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 320 чингэлэг нүүрсийг тус боомтоор гаргасан. Шивээхүрэн боомтын экспортын үйл ажиллагаа сэргэсэн.Цаашид тус боомтод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэх байх гэсэн өөдрөг хүлээлттэй байна. Гашуунсухайт боомтын хувьд Засгийн газрын шийдвэрээр ногоон бүс болгосон тул хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Хууль хүчний байгууллагын бүрэн хяналтад байгаа тул дунджаар 1700 чингэлэг тээвэрлэж байна. Мөн  Булган, Ханги боомт хэвийн ажиллаж байна. Энэ оны сүүлчээр Бичигт боомт нээгдэх болов уу гэсэн хүлээлт бий. Цаашид Монгол Хятадын хэлэлцээрийн дагуу автозамын 12 боомт нээх ёстой.  

Гадаад харилцааны яам хилийн боомтуудын гацааг тайлж нэвтрэх гарцыг нэмэгдүүлэхэд ямар бодлого шийдвэр гаргаж байна. Хятадын талтай тохиролцоонд хүрч байгаа юу?

-Хятадын талтай дипломат шугамаар бүх түвшинд харилцаж ажиллаж байна. Үр дүнд нь өнгөрсөн 45 хоногийн хугацаанд Тяньжинд гацсан байсан 7000 орчим илүү чингэлгийг татан авсаар 3000 болгож бууруулсан.

Дээр нь Монголд Covid-19 халдвар дэгдсэн ч БНХАУ-тай хиллэж буй бүх боомт өнгөрсөн хугацаанд  хаагдаагүй. Улс хоорондын тээвэрлэлт л түр зогссон асуудал үүссэн.

Гадаад харилцааны яам хилийн асуудлаар Хятадын талтай байнгын холбоотой бүх түвшинд хэлэлцэж байгаа. Үр дүнд нь бүх хилийн боомт тэг зогсоогүй өдий хүрсэн.

Сүүлд Хятадын талаас Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй долоо хоног тутамт нүүрс тээврийн ачааг 30-аар нэмэгдүүлэхээр болсныг Засгийн газар мэдээлсэн. Одоо Эрээн хот хөл хорио тогтоолоо. Уг шийдвэр хүчинтэй юу?

-Бэлтгэл хангаж байсан. Харамсалтай нь БНХАУ-ын Эрээн хотод Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Хатуу хөл хорионы хугацаа дуусвал хэвийн байдалдаа эргэн ороход цаг хугацаа орох байх. Ард иргэдэд хандаж хэлэхэд аливаа асуудлыг зөв талаас нь харж ойлгоосой гэж хүсч байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.