Ц.Сандаг-Очир: Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ

 Ц.Сандаг-Очир: Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ

УИХ-ын зарим гишүүн өчигдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Энэхүү хууль батлагдсанаар процессын үйл ажиллагаанд томоохон зарчмын өөрчлөлт гарч байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Хэргийг хяналтын шатан дээр аваачаад мөрдөн байцаалт руу буцаадаг.

Цаг хугацаа хожсоны үр дүнд ял завшдаг. Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ” гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Процесс эрүүл байвал хүнээс үл хамааран ажиллах механизм бүрдэнэ гэж үзэж байгаа. Шүүхээс хоёр янзын шийдвэр гардаг. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол ялладаг. Харин нотлогдоогүй бол цагаатгадаг. Харамсалтай нь манай улсын хувьд гурав дахь шийдвэрийг гаргаж ирсэн. Энэ нь хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Уг шийдвэрийн балгаар хэрэг замхардаг, эрүүдэн шүүдэг, шантаажилж, авлига авдаг механизм бүрдээд байсан.

Тиймээс хуулийн мафитай хуулиар тэмцэх ёстой гэдэг үүднээс энэ хуулийг баталлаа. Ердийн горимоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр гэм буруугийн шатнаас хэргүүд мөрдөн байцаалтад буцахгүй болж байна. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаж болно. Энэ үе шатанд хууль зөрчигдсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Бүх нотлох баримт хуулийн дагуу бүрдсэн, хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй, нотлох баримт хангалттай цугласан гэж үзсэн хэргүүд л гэм буруугийн шатны хуралдаан хийгдэнэ. Нотлох, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн системд бүрдлээ. 

Шүүхээс буцаагдаад хамгийн олон жил шалгагдаж байгаа хэрэг 10 гаруй жил болж байна. Дутуу шалгасан хэргийг цаашид шилжүүлэхгүй болно” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.