МАРГААШ ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР ТОХИОНО

 МАРГААШ ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР ТОХИОНО

Олон улсын Сүүний холбооноос “Дэлхийн сүүний өдөр”-ийг 2001 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон тэмдэглэдэг. Манай улс тус өдрийг 2016 оноос хойш сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ач холбогдлыг нийтэд сурталчлах, шинээр үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний төрлийг олон нийтэд таниулах зорилгоор тэмдэглэж байна.

Өнөөдөр “Дэлхийн сүүний өдөр”-т зориулж хэвлэлийн хурал зохион байгуулсан бөгөөд хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн Г.Ганхуяг нар оролцлоо.

Хэвлэлийн хурлаар дэлхийн сүүний өдрийг угтаж хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу Ази тивийн сүүний түншлэлийн “ингэний сүү үйлдвэрлэл” сэдэвт олон улсын цахим хэлэлцүүлэг, Энэтхэг-Монголын сүүний салбарын цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар мэдээлэл өгөв. Мөн маргааш тохиох дэлхийн сүүний өдрийг тэмдэглэх арга хэмжээ, сүүний салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал: Манай байгууллага сүүний чиглэлээр нэлээн олон ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, сүүг цуглуулах, хөргөх зэрэг анхан шатны боловсруулалт хийх ажлыг эргэн сэргээхэд малчдыг дэмжиж, хамтран ажиллаж байна. Мөн зөвхөн үнээний сүү гэлтгүй ингэний сүүг боловсруулах нь чухал. Түүнчлэн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрөөр дамжуулж сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сүүний анхан шатны үйлдвэрлэгч болох малчидтай хамтран ажиллаж байна” гэлээ.

Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн Г.Ганхуяг: “Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэж байгаагийн гол зорилго нь бидний ирээдүй болсон хүүхдүүдээ сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг болгох, сүүний хэрэглээг ойлгодог, дэмждэг болгон хүмүүжүүлэх юм. Тиймээс манай холбооноос малчид, фермерүүдээс сүүг нь хандиваар аваад дотоодын үйлдвэрүүдийн дэмжлэгтэйгээр боловсруулж сүүн бүтээгдэхүүн болгодог. Боловсруулсан бүтээгдэхүүн болох тараг, зайрмаг, аарцыг Сүхбаатарын талбайд баяраа тэмдэглэхээр цугласан 10 мянган хүүхдэд бэлэглэдэг уламжлалтай. Энэ үйл ажиллагаа маргааш 13 цагт болох бөгөөд хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг уриалж байна. Мөн сүүний импортын хамаарлыг бууруулахын тулд төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгодог болсон. Ингэснээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн сэрүүний улиралд бэлтгэн нийлүүлсэн сүү 23 хувиар нэмэгдсэн” хэмээн ярьсан юм.

Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар: “Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас ХХААХҮЯам, бусад байгууллагуудтай хамтран Ази тивийн сүүний түншлэл: ингэний сүү үйлдвэрлэл сэдэвт олон улсын цахим хэлэлцүүлэг, Монгол-Энэтхэгийн хоёр талт сүүний салбарын цахим уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Маргааш төв талбай дээр болох нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монголын сүүний нэгдсэн холбооноос уламжлалт арга хэмжээ болох 10 мянган хүүхдэд сүү, сүүн бүтээгдэхүүний бэлэг өгөхөөс гадна салбар яам, НҮБ, мэргэжлийн холбоод, бусад байгууллага хамтран сүүний салбарыг сурталчлах арга хэмжээ зохион байгуулна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.