Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога, тус газрын Олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн албаны дарга Костин Варлан нарыг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд эрхэлсэн комиссар Г.Азжаргал Авлигатай тэмцэх газар өнгөрсөн хугацаанд ажилтнуудаа Румын улсын Авлигатай тэмцэх үндэсний газарт туршлага солилцох сургалтад хамруулж, албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ирснийг онцлоод хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Авлигатай тэмцэх нь тухайн нэг улс орны асуудал биш бөгөөд олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажилласнаар илүү үр дүнд хүрнэ. Бид хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.

Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын дарга, ерөнхий прокурор Крин-Нику Болога Монгол Улсад ардчилал, эрх зүйт ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэн хамгаалахыг чухалчлаад үүний тулд авлигатай тэмцэх үйл хэрэгт хоёр улсын ижил төстэй байгууллагууд хамтран ажиллаж харилцан туршлагаа солилцох шаардлагатай бөгөөд авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, мэдээлэл шуурхай харилцан солилцох ажилд хамтын ажиллагаа онцгой чухал гэдгийг онцлон хэллээ.

Уулзалтаар авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр өөрийн улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга туршлагынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хүрээнд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ярилцаж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Р.Баярмагнай, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн албаны дарга Костин Варлан нар оролцов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.