Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих залууст гадаадын шилдэг сургуульд тэтгэлэг олгоно

 Шинэ  сэргэлтийн бодлогыг дэмжих залууст гадаадын шилдэг сургуульд тэтгэлэг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад өчигдөр батламж гардууллаа.  

Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг анх удаа гадаадын тухайлбал, Оксфорд, Харвард, Стенфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгож байна.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутан залууст “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд оюутан залуусын хувь нэмэр чухал гэдгийг онцлон хэллээ.  Дэлхийн шилдэг их, дээд сургуульд Монголын оюутан залуус суралцахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ” гэв.

зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ жилийн тэтгэлэг Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх мэргэжлээр суралцах залуусыг дэмжсэнээрээ онцлог. Ирэх 10 жилд “Алсын хараа-2050”,”Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд манай улсад 38,000 инженер техникийн ажилтан хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Ажлын хэсэг  бодлого, судалгаанд үндэслэж тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн” гэлээ.

Оюутнуудыг төлөөлж АШУҮИС-ийн оюутан Г.Хонгорзул сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр “Ерөнхий сайдын тэтгэлэг оюутан залуус бидний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, суралцах тэгш боломж олгож байна, маш их баяртай байна” гэлээ.

Мөн Лейден их сургуулийн докторын хөтөлбөрийн оюутан М.Ренчинханд “Зүрх судасны оношилгооны чиглэлээр мэргэшиж буй миний хувьд судалгааны ажлаа хийж, үргэлжлүүлэн суралцах боломжийг Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгож байна. Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн менежментийг сайжруулахад Монгол Улсдаа хувь нэмрээ оруулах зорилготой суралцаж байна” гэж хэллээ.

зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
 
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.