Дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт хязгаарлагдмал байдалтай байна

 Дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт хязгаарлагдмал байдалтай байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр Брент төрлийн газрын тосны үнэ 105.7-115.7 ам.доллар (баррель, WTI төрлийн газрын тосны үнэ 105.13-115.56 ам.доллар) барреллийн хооронд хэлбэлзсэн байна.

Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 110.8 ам.доллар/баррель, WTI төрлийнх 109.7 ам.доллар/баррель болж хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад Брент төрлийн газрын тосны үнэ 3.0 хувиар, WTI төрлийн газрын тос 3.9 хувиар тус тус буусан үзүүлэлттэй байна.

Даваа гаригт газрын тосны үнэ бага зэрэг өссөн бөгөөд энэ нь АНУ-ын шатахууны эрэлт хэрэгцээ нэмэгдсэн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалтай холбоотой юм.

АНУ-д 5 дугаар сарын сүүлийн үеээс 9 дүгээр сар хүртэлх хугацаанд аялалын улирал буюу автотээврийн хамгийн их хөдөлгөөнтэй үе тохиодог бөгөөд тус улсад өндөр үнэтэй шатахууныг үл харгалзан автотээврийн хөдөлгөөнд оролцогчдын тоо их байгааг TomTom болон Google-ийн тээврийн хөдөлгөөний тоон судалгаа харуулж байгааг шинжээчид дурдав.

CITIC Construction Investment Futures компанийн үзэж байгаагаар газрын тос өсөхөд хялбар, унахад хэцүү хэв маягтай хэвээр байна. Мөн шатахуун хэрэглээний оргил үе ирж, автомашин болон нисэхийн салбарын хэрэглээ сар бүр нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд түлхэц болно гэв.

Ам.долларын ханш өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш өссөөр байгаа бөгөөд ам.долларын зургаан гол вальюттай харьцах индекс оны эхэн үетэй харьцуулахад 8 орчим хувиар өссөн байна. Ам.долларын ханш чангарч байгаа нь олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөж байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) мэдээлэв. Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Брент төрлийн газрын тосны үнэ 2022 онд огцом өссөн нь геополитикийн зөрчилдөөнтэй холбоотой гэж тус агентлаг мэдээлэв. 2021 оны 6 дугаар сарын 1-нээс хойш Брент тосны үнэ ам.доллараар 59 хувь, еврогоор 86 хувь өссөн байна.

АНУ-ын Байдены засаг захиргаа Венесуэлд тависан газрын тосны хоригийг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа нь тус улсыг Европ руу илүү их газрын тос экспортлох боломжийг олгох юм. Тус арга хэмжээнд Венесуэлд үйл ажиллагаа явуулж буй Европын компаниуд илүү их газрын тос Европ руу гаргах, АНУ-ын газрын тосны Chevron компанид Венесуэлд үйл ажиллагаагаа сэргээх боломж олгох зэрэг багтаж байна. Венесуэлийн хоригийг зөөлрүүлбэл дэлхийн газрын тосны нийлүүлэлт нэмэгдэхийн зэрэгцээ Европын орнуудын эрчим хүчийг ОХУ-ын хараат байдлаас салгахад туслах юм.

(Эх сурвалж: www.bloonberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.com; www.oilprice.com; www.eja.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэл.)

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.