Ямар жинтэй хүнийг ‘бүдүүн’ гэж хэлбэл доромжилсонд тооцох вэ

 Ямар жинтэй хүнийг ‘бүдүүн’ гэж хэлбэл доромжилсонд тооцох вэ

Монгол Улсын түүхэнд хамгийн анх социализмын үед “гүтгэх болон доромжлох” үйлдэл гэмт хэрэг байдлаар бичигдсэн байдаг. Тухайн үеийн БНМАУ-ын хууль тогтоомжийг ЗХУ-ын мэргэжилтнүүд боловсруулж байв. Ингэхдээ гүтгэх болон доромжлох үйлдлийг улс орны удирдагчдын нэр хүндийг хамгаалах, нам засгийн бодлого, хүч сулрахаас сэргийлэх, Орос мэргэжилтнүүдийн заавар чиглэлийг хүчтэй дуу хоолойтой байлгах, Монгол Улс ЗХУ-ын хагас колони улс гэдэг утгаар Москвагийн бодлогыг эсэргүүцэхгүй байлгах үүднээс Эрүүгийн хуульд ашиглаж байжээ.

Харин Монгол Улс 1990 онд социализмыг халж, ардчилалд шилжсэн боловч энэ төрлийн гэмт хэрэг манай Эрүүгийн хуульд бичигдсэн хэвээр үлдсэн. Хамгийн гол нь, хуулийн практикт гүтгэх, доромжлох заалтыг хэрхэн ашиглаж байгаа нь  иргэний болон улс төрийн суурь эрхүүдийг ганхуулж, сулруулж ирсэн. Тиймээс эдгээр заалтыг Эрүүгийн хуулиас авч хаяхыг дотоодын судлаачид төдийгүй ардчиллын үнэлгээ өгдөг гаднын мэргэжилтнүүд зөвлөж байв.

Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улс Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох заалтыг хуульчилсан нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна гэж дүгнэсэн байдаг. Тиймээс манай улс 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гүтгэх, доромжлох заалтыг хүчингүй болгосон. Гэвч тухайн онд гүтгэх үйлдлийг зөрчил байдлаар Зөрчлийн тухай хуульд оруулсан.  

Хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагууд төр засаг, хэн нэгэн эрх мэдэлтнүүдийг шүүмжилсний төлөө Зөрчлийн тухай хуулиар торгуулдаг явдлыг хүчтэй шүүмжилж, эсэргүүцсээр ирсэн. Улмаар 2019 онд Зөрчлийн тухай хуулиас гүтгэх зөрчлийг хассан. Гэхдээ зөрүүлээд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэх байдлаар өмнө нь иргэний үүрэгт огт байгаагүй заалтыг шинээр оруулж ирж, хуульчилсан. Товчхондоо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний үүргээ биелүүлээгүй гэх заалтаар хэн нэгнийг торгох эрх нээлттэй хэвээр үлдсэн. Хамгийн харамсалтай нь, уг заалт нь зөвхөн шүүхэд олгогдсон хууль зөрчсөн байдал, үнэн зөвийг дэнслэх эрх мэдлийг жирийн нэгэн цагдаагийн мөрдөн байцаагч, прокурорын “үзэмжид” шилжүүлэн өгсөн юм.  

Мөн 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах – “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол” гэх байдлаар гүтгэх үйлдлийг халхавчлан оруулсан. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд  “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол…” гэх байдлаар төрийн байгууллагыг шүүмжлэхийн хаацайлсан заалт бий.

Харин шинээр боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гүтгэх, доромжлох заалтыг найруулгын хувьд 2002 онд үйлчилж байсан тэрхүү заалтаар сэргээн оруулж ирээд байгаа билээ.  

Мэдээж хүний нэр хүнд, алдар хүндэд халдан гүтгэх, зүй бусаар доромжлохыг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ эрх баригчид гүтгэх, доромжлох” үйлдлийг үргэлж ямар нэгэн байдлаар зөрчил, гэмт хэрэг байдлаар хадгалах ашиг сонирхолтой байж ирсэн.  Яагаад гэвэл гүтгэх, доромжлох гэмт хэрэг нь дарга, эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг ардчилсан бус аргаар зөвтгөх, түүнийг шүүмжилж, эсэргүүцсэн дуу хоолойг хаахад зориулагдан үйлчилж ирсэн нь нууц биш.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин даваа гаригт Төрийн ордонд болсон “Гүтгэх, доромжлох гэмт хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуульд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох үеэрээ энэ асуудлыг хууль, хүчний байгууллагуудын философи арга барил, хандлага огт өөрчлөгдөөгүй, өмнөх социалист жишгээрээ явж ирсэнтэй холбон тайлбарласан юм.

Мөн Эрүүгийн хуульд, гүтгэх, доромжлох заалтыг энэ байдлаар хэрэглэж ирсэн нь зөвхөн эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээтэй хэсэг хүмүүст үйлчилж, үр ашигтай байж ирсэн. Энэ байдал нь иргэний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй огт нийцдэггүй.

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох заалтыг гэмт хэрэг байдлаар дахин оруулж ирснээр хуулийн байгууллага ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакц, хувь сэтгүүлч, комедиан залуус, сошиалд үзэл бодлоо илэрхийлсэн залуусын гар утсанд орж ирэх боломж нээгдэнэ. Цаашлаад, тагнуулын байгууллага хүнийг тагнаж, чагнасан асуудлыг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд доромжлох, гүтгэх гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж зөвтгөх боломжийг олгоно гэж харж байгаа аж.

Харин Нийслэлийн Ерөнхий прокурор асан Г.Эрдэнэбат хууль зүйн практикт доромжлох үйлдлийг хэмжих огт боломжгүй гэх байр суурь илэрхийлсэн юм.

Жишээ нь, намхан хүнийг “пагдгар”, жингийн илүүдэлтэй хүнийг “тарган”, “хөвсгөр” гэж хэлбэл доромжилсон гэж үзэх үү. Ямар өндөртэй хүнийг “тайрдас” гэж хэлбэл доромжилсон болох вэ. Ямар жинтэй хүнийг “бүдүүн” гэж хэлбэл доромжилсонд тооцогдох вэ гэх асуулт урган гарах юм. Өөрөөр хэлбэл, хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ “илт худал” зүйл яриагүй. “Чи бол худалч”, “муу хүн” эсвэл “бүтэлгүй” гэх мэтээр ямар нэгэн үнэлгээ, дүгнэлт өгсөн гэж бодъё. Тэгвэл үүнийг доромжилсон гэж үзэх нь тухайн хэлүүлсэн хүний болон бусад харж байгаа хүмүүсийн тархины үнэлэмжээр тодорхойлогддог.  

Харин бусад Эрүүгийн хуулийн гэмт хэргийг хэмжиж болдог. Тухайлбал, хүний биед хүнд гэмтэл учруулсан бол шүүх эмнэлгийн дүгнэлтээр “хэдэн хавирга хугарсан, хэдэн шүд унасан” гэх мэтээр гэмтлийн зэргийг тодорхойлж болдог. Эсвэл “10 сая төгрөгийн хохирол учруулсан” гэх мэтээр хохирлын хэмжээг тодорхойлж, хэмжих боломжтой. Эдгээр нь үйлдлээр хийгдсэн гэмт хэрэг. Харин үгээр үйлдсэн буюу доромжлох гэмт хэргийг хэмжих боломжгүй.

Энэ утгаараа өмнөх хууль зүйн практикт арга барахдаа хэл шинжлэлийн шинжээчээр “энэ хүний үзэл бодлоо илэрхийлэхдээ хэлсэн үг нөгөө хүнээ доромжилсон уу” гэдэг дүгнэлт гаргуулж байжээ. Гэвч бүтэлтэй зүйл болж байгаагүй.

Товчхондоо, аливаа хүн монгол хэлний үгийн сангаас сонгож хэлсэн ямар нэг үг бусдыг доромжилсон эсэхийн буруу, зөвийг шүүн тогтоох нь цэвэр тухайн шүүгчийн үзэмжээс хамаардаг буюу хийсвэр утга аж. Учир нь, хүмүүсийн өдөр тутмын ердийн харилцаанд тохиолддог “Миний найз өнөөдөр ямар хөөрхөн болчихсон юм бэ” гэх үг “Чи уг нь царай муутай” гэх доромж утгаар ойлгогдох нь бий.

Г.Эрдэнэбатын хувьд гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг байдлаар дахин оруулж ирсэн тохиолдолд эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрийн харах өнцгөөрөө доромжлуулсан гэж үзээд, шүүгч гомдол гаргасан этгээдийн өнцгөөр “доромжилсон” гэж үзэх нь философийн маргаантай гэх асуудлыг хөндсөн юм.  

Монгол Улсад хэн нэгэн эрх мэдэлтэн эсвэл бусдын харах өнцгөөр бусдыг доромжлох гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдаж байсан цөөнгүй кейс бий.

Жишээ нь, Сүхбаатар аймгийн иргэн ардчиллыг сүйрүүлж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ УИХ-ын даргыг түгээмэл хэрэглэдэг “бэртэгчин” гэх үгээр хэлснийхээ төлөө цагдаад дуудагдаж, гэмт хэрэгт шалгагджээ. Гэтэл тухайн иргэн мөрдөн байцаагчаас хуулийн ямар үндэслэлээр саатуулсан болохыг тодруулахад цагдаагийн даргын тушаалаар баривчилсан, хууль зүйн үндэслэл хамаагүй гэх тайлбарыг өгчээ. Улмаар иргэн аймгийн цагдаагийн удирдлагаас хууль зүйн үндэслэлийг тодруулахад УИХ-ын дарга доромжлуулсан гэж үзсэн учраас таныг саатуулсан гэжээ.

Мөн сэтгүүлч нэр бүхий аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр 13 удаа томилолтоор явсан гэж мэдээлсэн. Гэвч тухайн Засаг дарга төсвийн мөнгөөр 12 удаа томилолтоор явсан тул гүтгүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, сэтгүүлч буруудаж байв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гүтгэх болон доромжлох гэмт хэргийг өмнөх 2002 онд мөрдөгдөж байсанчлан дараах байдлаар хуульчлахаар оруулж ирсэн.

Тухайлбал, 13.15 дугаар зүйл, Доромжлох хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Хууль зүйн яам Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа гурван том алдаа гаргасан гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр үүнийг мэргэжлийн бус Засгийн газрын алдаа гэж тодорхойлсон.

Нэгд судалгааны арга зүй дээр “Үндсэн хуульт хаант засаглал бүхий улс орнуудад доромжлох үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн байна” гэсэн. Их Британи, Япон, Бельги, Голланд зэрэг барууны хэд хэдэн ардчилсан орон бий. Гэхдээ эдгээр оронд эзэн хаан, түүний гэр бүлийн нэр хүнд буюу үндэсний соёл, уламжлалыг нь доромжлохыг гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг. Гэтэл Монгол Улс цэвэр иргэний ардчилсан сонгуулиар бүрддэг парламентын засаглалтай улс. Тиймээс гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг болгохыг зөвтгөх гэж хийсэн судалгаа нь арга зүйн хувьд буруу байна.

Хоёрт, Эрүүгийн хуулиар өөр хууль гэж үздэг гэмт хэргийг гүтгэх, доромжлохтой хольж судалсан. Эсвэл бусад оронд Тухайлбал, Германд сургуулийн орчинд хүүхдийн ялгаварлал, хүчирхийлэл гүтгэлэг, доромжлол байдлаар үйлдэгддэг явдлыг хуульчилсан гэсэн. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн дагуу 14-өөс доош насны насанд хүрээгүй хүүхдийг яллах боломжгүй. Германд сургуулийн орчинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн бол сурагчдыг бус түүний асран хамгаалагч буюу эцэг эх, харгалзан дэмжигч буюу багш, сургуулийн захиргаанд хариуцлага тооцдог.

Гуравт, талийгаачийн зураг, цогцсыг доромжлох гэх мэт зүйлийг жишээ болгож бичсэн. Эрүүгийн хуульд энэ нь тусдаа гэмт хэрэг. Доромжлох гэж ерөнхий бичээд бүх зүйлд наах гэж оролдсон. Цогцос, булш сүйтгэх нь тусдаа гэмт хэрэг. Мөн бэлгийн, хүйсийн чиг баримжаа, үндэс угсаа, арьсны өнгөөр доромжилдог гэж тайлбарласан. Гэтэл энэ нь өөрөө ялгаварлан гадуурхах тусдаа гэмт хэрэг. Эрүүгийн хуульд тусдаа байсаар байтал үүнийг уншаагүй, эсвэл судлаагүй, одоо болтол энэ талаар ойлголтгүй байдаг эсэхийг нь мэдэхгүй ч ийм зүйл оруулж ирсэн нь мэргэжлийн бус Засгийн газрын хийдэг алдаа.

Харин тэрээр шийдлийн хувьд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улс төрийн албан тушаалтан, тодорхой эрх мэдэлтэн, төрийн албан хаагч гүтгэх, доромжлох заалтаар шүүхэд гомдол гаргахыг хориглох” санаачилга гаргаж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэвч энэ асуудлыг олон жил ярьж ирсэн ч одоо болтол ажил хэрэг болгохгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм.

Гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг гэж үзэх хуулийн заалт нь Монгол Улсад зөвхөн эрх мэдэлтнүүдийг хуулийн хариуцлагаас зугтаалгах зорилгоор ашиглагдаж ирсэн. Харин хохирогч нь үргэлж үзэл бодлоо илэрхийлсэн, иргэний хяналт тавих гэж оролдсон, төрийн хэрэгжүүлж чадаагүй бодлогыг шүүмжилсэн, эсэргүүцсэн хүмүүс байдаг. Ийм байдлаар хуулиар эрх мэдэлтнүүдэд субъектив эрх олгох нь үргэлж тоталитар дэглэм ургах таатай хөрс болж, дарангуйлагчдыг төрүүлж, хүчирхэгжүүлсээр ирсэн түүхтэй билээ.  

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.