Төрийн албан хаагчид тавьдаг тусгай шаардлагыг бууруулна

 Төрийн албан хаагчид тавьдаг тусгай шаардлагыг бууруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хувьчлалыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Төрийн албаны тухай хуулинд дөрвөн томоохон өөрчлөлт оруулж буй бөгөөд үүнээс хоёр заалтыг нухацтай хэлэлцсэнийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байна. Энэ тухай тэрбээр “Төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж болно гэсэн заалтыг бүлгийн гишүүд шүүмжилсэн.

Мөн НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс төрийн албанд шууд гэрээгээр ажиллуулах заалтыг гишүүд дэмжихгүй байр сууриа илэрхийлсэн. Тиймээс тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг гаргаж, тус хоёр заалтыг өөрчлөн найруулж, хасахаар тогтсон” гэсэн мэдээллийг өглөө.

Нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албан хаагчид тавьдаг тусгай шаардлагыг бууруулж буй аж. Тухайлбал, төрийн албанд 16 жил ажилласан хүнийг тэргүүн түшмэлээр томилдог байсан бол ажилласан жилийг 12 жил болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн эрхэлсэн түшмэлийн 12 жилийг 8 жил, ахлах түшмэлийн 8 жилийг 6 жил, түшмэлийн 4 жилийг 3 жилээр бууруулсан байна.

Тус бүлэг өнөөдөр Хөтөлийн цемент шохойн хувьчлалыг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих ч ажлын хэсэг ажиллах шаардлагатай гэж үзжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.