БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨВД ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙН ШАВЫГ ТАВИЛАА

 БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨВД ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСЛИЙН ШАВЫГ ТАВИЛАА

Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмж чанарыг сайжруулах зорилгоор 10 аймгийн төвд дулааны станц , дулаан дамжуулах шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээндээ 2022 онд 10 аймгийн төвд эхлүүлж байгаа юм.

Тэгвэл 2022 оны 05-р сарын 23-ны өдөр Баянхонгорчуудын олон жилийн хүсэн хүлээлт биеллээ олж, бодит бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр Дулааны станцын шавыг тавилаа.

Дулааны станцын шав тавих ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн удирдах зөвлөлийн гишүүн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, БНСУ-ын “Бьюксан инженеринг” компанийн төслийн захирал Сан Чой, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын орон нутгийн удирдлага, Баянхонгор хотын ард иргэд оролцлоо.

Арга хэмжээг “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн удирдах зөвлөлийн гишүүн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нээж үг хэлэхдээ “Нийт 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн хүрээнд одоогийн 299 бага оврын зуухыг буулгаж, 25-30 Гкал/цагийн хүчин чадалтай 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 72 км дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулан нийт 1564 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, 2050 нийтийн болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар хангана” гэдгийг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Зандашатарын хувьд 10 аймагт дулааны станц байгуулах төслийг эхлэхээс эхлэн дэмжиж, УИХ-аар зээлийн тусгайлсан гэрээг соёрхон баталсан бөгөөд шав тавих ёслолын үеэр гүйцэтгэгч талд төслөө төлөвлөсөн хугацаандаа бүрэн чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг хүслээ.

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат удаан жилийн хүлээлт байсан асуудлыг шийдвэрлэж ажил хэрэг болгож буй Монгол улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, гүйцэтгэгч талуудад нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Харин БНСУ-ын “Бьюксан инженеринг” компанийн төслийн захирал Сан Чой: “Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр манай компани шалгаран ажиллаж буйдаа баяртай байна. Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг нийт 26 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад бүрэн хүлээлгэн өгнө гэж мэдэгдэв.

Баянхонгор хотод баригдах дулааны станц нь 30 Гкал/ц хүчин чадалтай зуух бүхий орчин үеийн ус боловсруулах, түлш дамжуулах автомат системтэй дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 8 иж бүрдэл дэд төв, 5,8 км урт дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулах юм. Ингэснээр аймгийн төвд 247 ААН, төсөвт байгууллага, 238 нийтйин болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар хангах болно.

Мөн дулааны эх үүсвэрийн зуух нь бүрэн автомат удирдлагатай, хамгийн бага илчлэгтэй, түүхий нүүрсийг ч бүрэн шатаах чадамжтай, нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар бууруулж, утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулах аж. Ингэхдээ станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөх юм байна.

Манай аймагт иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:
-Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана
-Дутуу шатсан нүүрс, дэгдэмхий үнс хийсэж орчныг бохирдуулахгүй, аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна
-Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.
-Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжил түргэснэ
-Иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, орон нутгийн хөгжил дээшлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Ийнхүү Баянхонгорчууд бидний он удаан жилийн хүсэн хүлээлт болсон дулааны станцын ажил эхэллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.