Уран ган-ы хашаан дахь нураах шийдвэртэй барилга улам өргөжихийн учир юу вэ

 Уран ган-ы хашаан дахь нураах шийдвэртэй барилга улам өргөжихийн учир юу вэ

Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр, тогтоол, магадлагаа гаргадгийг хууль, шүүхийн байгууллага гадарладаг хүн бүр мэднэ. Гэвч Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэр тэр бүр хэрэгждэггүй нь гачлантай. Нураах ёстой барилга улам бүр өргөжин тэлж, түрээслэгчдийн тоо нь ч нэмэгдэж байгаа хачирхалтай хэргийн талаар баримт түшин өгүүлье.

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, ЦЕГ-ын Автобааз, цагдаагийн алба хаагчдын орон сууцны дэргэд Уран ган хэмээх барилга бий.

Уг нь тухайн газрын 500 ам метр талбайг иргэн Д. Хүрэлчулуун эзэмшиж байж. Тэрбээр эл газраа нийслэлийн засаг даргын 2010 оны долдугаар сарын 477 дугаар захирамжийн дагуу орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай авч, газрын албатай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулжээ. Улмаар барилгын зураг төслөө хийлгээд явж байхад нь Б. Лхагвасүрэн захиралтай Ураг ган болон Ерөөсөө импекс, Далан даваа ХХК-ийнхан тухайн иргэний газар дээр барилга барьж эхэлсэн гэнэ. Уран ганы Б. Лхагвасүрэнд хандан иргэн Д. Хүрэлчулуун барилгын ажлаа зогсоохыг шаардсан ч үл ойшоон карказ цутгасан аж.

Тиймээс энэ иргэн тухайн үеийн нэршлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2014 оны хоёрдугаар сарын 6-нд шүүх хурлыг хийхэд Уран ган компанийн төлөөлөл шүүхийг үл хүндэтгэсэн үү, хойшлуулах хүсэлт гаргаад оролцоогүй байна. Тиймээс тус компанийн төлөөллийг байлцуулалгүйгээр шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д. Хүрэлчулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын захирамж, Газрын албанаас олгосон газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нь Д. Хүрэлчулууны нэр дээр байгаа учраас түүний эзэмшлийн 500 ам метр талбайг чөлөөлөх шийдвэр шүүх гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Уран ганы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүхэд хандан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан ч Улсын дээд шүүхийнхэн уг хэргийг хэлэлцээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ll шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

Ингээд 2014 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг шүүгч баталжээ. Түүндээ Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн аж. Уран ганы хашаанд, бусдын эзэмшлийн талбайд баригдсан 6 давхар барилгыг Далан даваа гэх компани бариулсан бөгөөд 2018 онд тус компанийг татан буулгажээ. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад бусдын эзэмшлийн газарт барьсан барилга Уран ганы хашаан дотор сүндэрлэчихэв. Уг объектийг 2013 онд зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулсан бөгөөд нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөнөөр ч хэлэлцэж байсан юм.

Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгаж чадахгүй бариулж, ашиглалтанд оруулсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулгынхны буруутай үйл ажилгаатай холбон тайлбарлах хүн олон. Уг нь Барилгын тухай хуульд барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх заалт бий. Гэтэл Уран ганы хашаанд шүүхийн шийдвэрээр буулгах ёстой барилгыг ашиглалтанд оруулчихаад байна. Монголд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй юм бол хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж тунхаглаад хэрэг байна гэж үү.

Уран ган ХХК-ийн хашаанд ямар ч зөвшөөрөлгүй барилга барьдаг, барьж дууссаных нь дараа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авдаг тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн байсан. Түүнд Барьж байгаа барилгын зоорийн болон нэгдүгээр давхарт ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог дүрэм, журам бий атал Уран ганы захирал Б. Лхагвасүрэнд хууль үйлчилдэггүй бололтой хэмээсэн.

Үнэхээр тухайн нийтлэлд бичсэнчлэн Уран ганы удирдлагад хууль үйлчилдэггүй гэх мэдээлэл үнэний ортой ч байж болзошгүй. Тэрбээр түрээслэгчээ дарамталсан, нэг иргэний газрыг залилж авсан гэх зэрэг цөөнгүй гомдлыг хууль сахиулах байгуулагад шалгаж, заримд нь яллагдагчаар татсан байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.