Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов

 Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.

 Хуралдаан болох өдрийн 10 цаг 20 минутад Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ.

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт  гаргасныг хүлээн авч, “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв.

“Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа үргэлжлүүлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Журмын Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй сахилгын хэргийг бүртгэх, хуваарилах, шүүгч томилохтой холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол батлав. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.