Мариуполийн гангийн үйлдвэрт үлдсэн цэргүүдийг аврахаар ажиллаж байна

 Мариуполийн гангийн үйлдвэрт үлдсэн цэргүүдийг аврахаар ажиллаж байна

ОХУ-ын цэргийн хүчинд бүслэгдээд буй Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоргодож байгаа цэргүүдийг аврахын тулд боломжтой ба боломжгүй бүхнийг хийж байгаа гэж Украйны албаныхан мэдэгджээ.

Украйны эрх баригчид тус үйлдвэрт хэдэн цэрэг үлдсэнийг мэдэж байгаа ч энэ нь нууц мэдээлэл гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр тэмдэглэсэн байна. Азовсталь үйлдвэрээс өнгөрөгч даваа гаригт 264 цэргийг нүүлгэн шилжүүлж, Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байдаг бүс нутагт хүргэсэн болохыг тэрээр хэлсэн билээ. Тэгвэл мягмар гаригт дахин долоон автобус үйлдвэрийн талбайгаас гарч явсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Оросын прокурорууд Украйны дэглэм Донбассын энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба үүний хүрээнд Украйны бүх цэргийг байцаана гэж мэдэгдсэн юм. Харин Киевийн эрх баригчид Москватай тохиролцсон нүүлгэн шилжүүлэх хэлэлцээрийн хүрээнд дайчдаа олзлогдсон орос цэргүүдээр солилцохоор төлөвлөж байна.

Мариуполийн гангийн үйлдвэрийг хамгаалж байсан цэргүүдийг манай баатрууд гэж нэрлэсэн хатагтай Маляр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь тэднийг аврах цорын ганц арга зам гэж онцолжээ. Украйны Парламентын гишүүн Леся Василенкогийн хэлснээр, Улаан загалмайн нийгэмлэг болон НҮБ-ын тусламжтайгаар Оростой байгуулсан гэрээ хэлэлцээр амжилттай болж, цэргүүдээ солилцох нь чухал бөгөөд эс бөгөөс Манай зоригт эрчүүдийн хувь заяа тодорхойгүй болж, Оросын гарт очно гэсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азовсталь гангийн үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн Украйны цэргүүдтэй олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу харьцана гэж мэдэгдсэн ч тус улсын хууль тогтоогчид Азов батальоны дайчдыг нацист гэмт хэрэгтэн гэж зарлах төлөвлөгөөг өнгөрөгч мягмар гаригт дэвшүүлсэн бөгөөд ингэснээр Украйны тал тэднийг цэрэг солилцох үйл ажиллагаанд хамруулах боломжгүй болох юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.