Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р. Онон 644 сая төгрөгийн байраа бэлнээр төлж авчээ

 Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р. Онон 644 сая төгрөгийн байраа бэлнээр төлж авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Р. Ононд холбогдох хэргийг мөрдөн шалгасан бөгөөд 2017 онд Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Р. Онон нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, Ривер гарден хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууцыг 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 ам.доллар, нийт 460.000 ам.доллар буюу 64736.800 төгрөгийг бэлнээр төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр худалдан авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон юм.

Тэрбээр цалингаас өөр орлогогүй гэж АТГ-т мэдүүлсэн ч гэнэт их хэмжээний эд хөрөнгөтэй болсон нь хөрөнгө орлогын мэдүүлгээр ил болсон юм. Шалтгааныг АТГ-аас тодруулахад хөрөнгөө хууль ёсны гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж. Нэмж Баянзүрх дүүргийн нутаг дахь Кристалл таун хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, 2015 онд Таван богд компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан Ланд круйзер-200 автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг ч тайлбарлаж чадаагүй юм байна.

Тиймээс АТГ-с түүнийг баривчилж, Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татсан ч харамсалтай нь, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдсан.

Иймд АТГ-ын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг үндэслэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан бөгөөд энэ дагуу Р. Ононг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар Иргэний хэргийн шүүхэд гаргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р. Ононгоос 644.955.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Р. Ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцогдсон иргэн Р. Ононгоос 644 сая 955 мянган төгрөгийг иргэний журмаар гаргуулан улсад нөхөн төлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.