Л. Бямбасүрэн: Төрийн албан хаагчдаа дэмжиж, улсаа хохиролгүй болгох менежмент л хэрэгжүүлсэн төдий

 Л. Бямбасүрэн: Төрийн албан хаагчдаа дэмжиж, улсаа хохиролгүй болгох менежмент л хэрэгжүүлсэн төдий

Капитал банкны өрөнд хураагдсан орон сууцыг ЭМДЕГ худалдан борлуулахтай холбогдсон мэдээлэл сүүлийн үед цахим орчинд яригдаж, тэр ч байтугай УИХ дахь НББХ дээр уг асуудлыг хэлэлцэн ЭМДЕГ-ын дарга Л. Бямбасүрэнг буруутгасан.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж тэрбээр өөрийн цахим хуудсанд байр сууриа илэрхийлжээ.

ЭМДЕГ-ын дарга Л. Бямбасүрэн:

Миний зүгээс хууль зөрчөөгүй учир үнэн аяндаа тодорч, ус тосоороо ялгарна гэж итгэн яаран тайлбар мэдэгдэл хийхийг хүссэнгүй. Гэвч ажил хариуцсан хүний хувьд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй юм байна.

УИХ-аас байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж бий. Уг зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журамд ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Бид энэ хүрээнд авлагад хураагдсан 29 орон сууцнаас ипотекийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 м.вк-аас доош хэмжээтэй 19 орон сууцыг худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар таван иргэний ипотекийн зээл шийдвэрлэгдсэн бөгөөд арилжааны банкнаас даатгалын санд төвлөрүүлэх юм. Үлдсэн 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг нээлттэй дуудлага худалдаанд оруулна.

Цөөхөн тоотой орон сууц гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. ЭМДЕГ-ын ажилладаг жирийн албан хаагчдаа дэмжих л зорилготой. Түүнээс биш энэ тэнд бичээд байгаа шиг хэдэн дарга нартаа том м.кв-тай байр шахаад байгаа юм байхгүй.

Миний оронд ямар ч дарга байсан хууль журмаараа боломж байхад цөөн ч гэсэн хэдэн албан хаагчаа цалингийнх нь зээлийн хүрээнд байр сууцтай болгочихъё гэж бодож л таарна. Байрны төлбөр 100 хувь Эрүүл мэндийн санд төвлөрч байгаа.

Бид өрөнд хураагдсан байрыг хэнд зарагдаж, төлбөр нь хэзээ даатгалын санд орж ирэхийг хүлээж асуулгүйгээр төрийн албан хаагчдаа дэмжсэн, нөгөө талдаа улсаа ч хохиролгүй болгох менежмент л хэрэгжүүлсэн төдий. Үүнийг мушгин гуйвуулж, албан тушаалаа ашигласан мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байгаа ч хуулиас гадуур, эрх мэдэл хэтрүүлсэн нэг ч үйлдэл байхгүй учир төдийлөн санаа зовохгүй байна. Цаашид мэдээлэл бэлтгэж байгаа нь ч, түгээж байгаа нь ч асуудлаа ойлгож үнэн зөв бодитой хандаасай гэж хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.