Хөгжлийн банк 800 тэрбум төвлөрүүлэхгүй бол дампууруулна

 Хөгжлийн банк 800 тэрбум төвлөрүүлэхгүй бол дампууруулна

Засгийн газрын өнөөдөр /2022.05.11/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС “САМУРАЙ” БОНДЫГ ИЕНЭЭР УРЬДЧИЛЖ ТӨЛӨХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хөгжлийн банкинд хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төр бүх зээлийг төлж, тус банкийг дампууруулахад хүрнэ. Хэрэв тайлан балансыг 6, 8 дугаар сар гэхэд хэвийн болгож, өр зээлийн 50 хувийг төлүүлж чадвал бондын хүүг төлөх боломжтой. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас “Самурай” бондыг иенээр урьдчилж төлөх үүрэг өгч байна.

Хөгжлийн банкны санхүүгийн хариуцлага ямар байгааг харуулах маш том боломж гарч ирж байна. Ингэснээр бусад бондуудын эргэн төлөлт, болон эдийн засгийн хувьд ч эерэг үр дүн гарахаар тооцоолж байна.

2022 онд 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлнэ. Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн томоохон буюу өндөр дүнтэй зээлийн үлдэгдлийг төлүүлэхэд анхаарна. Мөн төр зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарал хандуулахаар дараагийн хуралдаанд онцолж шийдэхээр болсон. Зарим асуудлыг Хөгжлийн банк, Сангийн яам, Засгийн газар шийдэхээр хувааж авсан.

Цаашид Хөгжлийн банк хууль, дүрмээ баримталж ажиллах ёстой. Чанаргүй зээлийг амжилттай төвлөрүүлж чадвал банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Ерөнхий төлөвлөгөөний дагуу Хөгжлийн банк энэ жил заавал 800 тэрбум төгрөгийн зээл төвлөрүүлэх ёстой. Монголбанкнаас хийсэн шалгалтын дүнг балансад оруулж, тайланг олон нийтэд нээлттэй танилцуулна. Зургадугаар сард Хөгжлийн банкинд аудит оруулна. Одоогийн байдлаар 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Ирэх сарын 30-ны өдөр гэхэд 450 тэрбум төгрөг шалгалтын өмнө бүрдүүлсэн байх үүрэг өгсөн.

Ямартай ч компаниуд хөдөлгөөнд орж, зээлээ төлөхөд идэвхтэй анхаарч байгаа нь сайшаалтай байна. Хөгжлийн банкинд байршуулсан депозитын хувьд шалгалт хийгдэж байна. “Самурай” бондын хувьд жилийн 1.5 хувийн хүүтэй. Үүнийг хүүтэй нь төлнө. Одоогоор зээлийн эргэн төлөлтийн гуравны нэг хэсгийг Монголбанкинд байршуулсан. Тиймээс “Самурай” бондоос эхэлж төлөөд явна.


ТОМООХОН ГРУППУУДЫН ЖИШГИЙГ ДАГАЖ, “ЭРДЭНЭС МОНГОЛ”-ТОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон:

-Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихаар зөвшөөрлийг олгож байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Уг суурь зарчимд Үндэсний баялгийн тухай оруулж ирсэн. Үндэсний баялгийн сангийн хуулийг боловсруулахдаа  гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлттэй уялдуулан боловсруулсан.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2020 оны УИХ-ын хоёрдугаар тогтоолд хуримтлал болон хөгжлийн сантай байна гэж тусгасан. Үүний дагуу өнөөдөр Засгийн газарт хуулийн төслийг танилцуулсан. Ерөнхийдөө томоохон группуудын жишгийг дагаж, “Эрдэнэс Монгол”-той анхаарч ажиллана.


ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хурардаанаар мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Тус хуулийн төсөл 3 бүлэг, 10 зүйлээс бүрджээ.

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан байна.

Тус хуулийн төслийг дагалдуулж Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн  нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга бат сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Бүтцийг шинэчлэн баталснаар:

-Ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах нэгдмэл тогтолцоо бүрдэнэ.

-Нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг нэгдсэн бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгана.

-Нэгдлийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, хөрөнө оруулалт татах боломж нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүтцээр нийт арван захиралтай байгаа юм, шинэ бүтцээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн орон тооны хязгаарыг бууруулж, цомхон чадварлаг бүтцээр холбогдох бусад зарлагын хэмнэлтийг гарган ажиллана.

Өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий 16 ордын 5 ордод төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож нийт гурван хувьцаат компани, 10 охин болон хараат компани, гурван төслийн нэгж, нэг оператор компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007-2020 оны хооронд улсын болон орон нутгийн өмчийн төсөвт нийт 770.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж болон бусад төлбөрийг төлжээ.

НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204,5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.

Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний  хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Товч мэдээ

  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.
  • 2022 оны гуравдугаар сард цахим хэлбэрээр зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.
  • Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.