Н.Түвшинбаярын хэргийн шүүгч нарт НӨЛӨӨЛӨХ оролдлого хийснийг ИЛЧИЛЖ, шалгуулж байна

 Н.Түвшинбаярын хэргийн шүүгч нарт НӨЛӨӨЛӨХ оролдлого хийснийг ИЛЧИЛЖ, шалгуулж байна

Онц хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулж, гэмтлийн улмаас Улсын начин Э.Энхбат амь насаа алдсан хэргээр олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурал маргааш ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно.

Талийгаачийн бие, гэр бүлийн байдал зэрэг хувийн асуудлууд шүүх хурлын явцад яригдах учир хохирогч талаас шүүх хурлыг “хаалттай” явуулах санал гаргасан. Шүүх бүрэлдэхүүн саналыг хүлээн авсан учир уг хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлан дамжуулах боломжгүй болсон.

Хэргийн зүйлчлэлийн хувьд, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Н.Түвшинбаярын тухайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй хэвээр буюу ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангиас цагдаагийн хамгаалалтад ирж, шүүх хуралд оролцоно. Түүний өмгөөлөгчөөр Л.Данзанноров, Э.Шинэцэцэцг нар ажиллаж байгаа бол О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт, О.Даваажаргал, Т.Баасанжаргал нар хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллана.

Шүүх хурлын өмнөхөн анхаарал татам нэгэн мэдээлэл гарлаа. Тодруулбал, тухайн хэргийг шүүн таслах шүүгч нарт шүүгчдэгчийн зүгээс нөлөөлөх оролдлого хийсэн байна. Асуудлыг тодруулбал, шүүгч нар шүүх хуралд орохоос өмнөх хугацаанд “Нөлөөллийн мэдүүлэг” өгдөг ба уг мэдүүлэгт “шүүгч нарт нөлөөлөхөөр оролдсон” талаар мэдээлж, уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Чухам хэн, ямар байдлаар нөлөөлөхөөр оролдсон нь одоогоор тодорхойгүй ч шүүгч нар уг хууль бус үйлдлийг мэдээлэн, шалгуулж байгаа нь “шударга” шүүх бүрэлдэхүүн гэх агуулгыг илэрхийлж байна. Шүүх хурлыг Д.Доржсүрэн, Б.Батболор, Х.Одбаяр нарын шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэн, шийдвэрлэх бол Улсын яллагчаар Б.Хурц ажиллана. Мөн хуралд 10 хүн гэрчээр оролцоно. 

Олны анхаарал татсан уг шүүх хурлын талаарх мэдээллийг Цахиур.мн боломжит бүх байдлаар сурвалжлан, цаг алдалгүй мэдээллийг уншигчиддаа хүргэн ажиллах болно.

Маргааш /2022.05.12/ 09.30 цагаас ХУД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхлэх Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын оролцогч нарын мэдээллийг зургаар хүргэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.