Хэдийн ашиглалтад орсон байх ёстой дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа татан буугдсан

 Хэдийн ашиглалтад орсон байх ёстой дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа татан буугдсан

Нийслэлийн Засаг дарга С. Амарсайхан 2020-2022 онд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2020 оны нэгдүгээр сард танилцуулах үеэр агаарын дүүжин гүүрийн талаар анх ярьсан байдаг. Энэхүү төслийг БНСУ-ын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдэж байв.

Эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4 дүгээр хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөж байв. Мөн Баянхошуу-Амгалан-Офицер чиглэлд цахилгаан соронзон галт тэргийг хотын төвийн зам дагуу явуулахаар төлөвлөөд байгаа гэдгээ дуулгаж байв.

Улмаар Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 23.3 тэрбум төгрөгийг Франц улсын компани руу шилжүүлсэн байдаг.

Дүүжин тээврийн төслийн 2020 оны санхүүжилт

Францын Пома групп-ийн данс руу 23.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн баримт ил болоод байхад Хотын даргаар ажиллаж байсан С. Амарсайхан мэдэж, Би мэдэхгүй, сонсоогүй юм байна хэмээснээ Ковидоос болоод ажил нь удааширчихлаа. Ажил нь удаашрахгүй бол 2021 оны 3 сард ашиглалтанд орно хэмээн батлан хэлж байсан нь цагаан дээр хараар үлджээ.

Дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ын тогтоолоор Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ыг нийт есөн хүний орон тоотойгоор байгуулж тэдний цалин хөлс, техник хэрэгсэл, түрээсийн төлбөрт нь 2020 оны 6 дугаар сараас эхлэн бидэнд мэдэгдэж байгаагаар 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд сар бүр 31,616,700 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төрийн сангаас шилжүүлэн ажиллуулсаар өнөөдрийг хүрсэн байдаг.

Дүүжин тээврийн төсөлд Нийслэлийн төрийн сангаас сар бүр олгодог урсгал зардлын санхүүжилт:

Гэтэл төсвийн мөнгийг үргүй зарсан нь батлагдаж өнөөдөр энэ газар татан бууджээ. Зөвхөн Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨААТҮГ-ын ажилчдын цалин хөлсөнд л гэхэд татвар төлөгчдийн 347,783,700 төгрөгийг хий дэмий зарцуулжээ.

Эдгээр хүмүүсийн ажиллах компьютер, суух ширээ сандал, оффисын тоног төхөөрөмж, байрлах байрны түрээсийн зардлыг нэмбэл нийтдээ хагас тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан байж таарах нь.

Тэгвэл энэ их мөнгө хөрөнгийг салхинд хийсгэсний хариуцлагыг хэнээс нэхэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ төслийг санаачлан эхлүүлсэн С. Амарсайханаас уу, эсвэл таслан зогсоосон Д. Сумъяабазараас уу?!

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.