Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг болжээ

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг болжээ

Монгол Улсын хууль тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчилтэй 800 заалтыг шинэчилж, хүний эрхийн хамгааллыг дээшлүүлэх нь Улсын Их Хурал болон Засгийн газрын хамгийн том зорилт. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгээр 27 жил мөрдөгдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрхэн шинэчлэн найруулах талаар хэлэлцсэн байна. Тухайн хуулийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулбал тэр хуулийг бүрэн шинэчлэн найруулах нөхцөл үүсдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 зүйл, заалт нь хүний эрхийг зөрчиж байгааг судлаачид үзэж байгаа юм. Үүнийг засаж сайжруулж хүний эрхийг хамгаалах нь чухал. Тиймээс уг хуулийг шинэчлэн найруулах нөхцөл бүрдсэн юм.

Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх цуврал хэлэлцүүлэгийн гол зорилго нь УИХ-аас баталсан Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд туссан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, Эрх зүйн орчныг тодохой болгох, хүний эрхийг дээдэлсэн эсэхийг тодорхойлоход оршиж байгаа. Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд нээлттэйгээр хэлэлцүүлжээ. 1994 онд батлагдсан энэ хуулинд байгаль орчныг хамгаалах болон хүний эрхийн хамгаалал дээр олон зөрчил байгааг мэргэжлийн түвшинд хэлэлцээд, зайлшгүй шинэчлэн найруулах ёстой гэж хуульчид үзэж байна.

Тухайн бүс нутгийг тусгай хамгаалалтад авах нь ирээдүй хойч үедээ байгаль орчныг онгон дагшин хэвээр нь өвлүүлэх гэдэг утгаараа хүний асуудал яригддаг ч яг цаг үед амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн эрх ашгийн хамгаалал орхигдох хандлагатай байдаг.

Тухайлбал: Малчдын хувьд малын бэлчээрийн газар, хадлан бэлтгэх талбайг тусгай хамгаалалтад авснаар тухайн бүс нутагт мал аж ахуй хөгжих боломжгүй болж улмаар иргэд нүүн шилжиж өөд малчдын бэлчээр, хадлангийн газарт нутагших нөхцөл үүсдэг.

Мөн үүнээс гадна тухайн бүс нутгийг хамгаалж байгаа 800 орчим байгаль хамгаалагчдын эрхийн асуудал ч энд тусгагдаж байгаа. Тухайлбал нийгмийн хамгааллын асуудал. Байгаль хамгаалагчдын 1 жил ажилласан хугацааг 1.2 жилээр бодож тооцох асуудлыг шинэчилсэн найруулагад тусгаж өгчээ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Монгол улсын нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг болгон хамгаалж байгаа бөгөөд цаашид энэ хувь хэмжээг 30 хувь болгох зорилготой юм. Өнөөдөр хэлэлцүүлэгдэж байгаа энэхүү хуулийг ирэх намрын чуулганаар оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэд, олон нийтийн саналыг чөлөөтэй авч байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.