МИАТ УБ-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа нислэг хийхээр судалж байна

 МИАТ УБ-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа нислэг хийхээр судалж байна

Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл өчигдөр /2022.05.03/ хуралдаан. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар , Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С. Мөнхнасан болон Байгаль орчин, аялал , жуулчлалын яам , Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ, МИАТ ТӨХК, Аэромонголия ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис эйрвэйз ХХК гэсэн үндэсний авиа компанийн удирдлагууд оролцож, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтар иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд , тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч , шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхаа иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.

МИАТ ТӨХК зургаадугаар сарын 21-нээс Улаанбаатар -Франкфурт чиглэлд долоо хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна. Улаанбаатар-Истанбул чиглэлд өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК долоо хоногт хоёр, Туркийг Эйрлайнз гурав удаа нисэж байгааг нэмэгдүүлэх саналыг Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ-аас гаргасан.

Харин МИАТ ТӨХК Франкфурт чиглэлд таван удаа нислэг үйлдвэл Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ илэрхийллээ. Гэвч Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх эрхтэй тул томилогдсон тээвэрлэгчид тохиролцвол нислэг нэмэгдүүлэх боломжтойг нэмж хэллээ.

Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны 7.8 дугаар сард Мөрөн, Өлгий , Даланзадгад чиглэлд долоо хоногийн хоёр удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна.

Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй . Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро Монголиа компанийн төлөөлөл хэлэв хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.