ОУВС банкуудад IPO гаргахаа түр хойшлуулахыг зөвлөлөө

 ОУВС банкуудад IPO гаргахаа түр хойшлуулахыг зөвлөлөө

Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж буй. Тэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Уулзалтын эхэнд Г.Занданшатар ОУВС-д цар тахлын амаргүй цаг үед дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр Covid-19, олон улсын нөхцөл байдал болон хил, боомтын асуудал гэсэн гурван хүчин зүйл Монгол Улсын эдийн засаг, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаадын валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Иймд бидний хувьд төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөө хамгаалах талаар идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

Түүнчлэн өнгөрсөн Баасан гаригт УИХ-аас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталсан. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийг тодотгоод зогсохгүй, төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх зэрэг хууль тогтоомжийг баталсан гэжээ.

Хатагтай Ангана Банержи энэ үеэр “ОУВС Монголын банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж буй ч цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэйг зөвлөсөн байна.

Тэрбээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал.

Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гээд, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.