Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ

 Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооний гишүүд өнөөдөр  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажиллалаа. 2022 оны 1-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 76 ажил олгогчийн 1491 ажлын байрны захиалгыг төвлөрүүлсэн бол 361 ажил хайгч иргэнийг бүртгэж, 339 иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Үүнээс  204 иргэн ажилд орсон байна.

Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “сургалт хөгжлийн” өдөрлөгийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулдаг аж. Мөн тус төвийн дэргэд Цагийн ажлын бирж ажиллаж байгаа бөгөөд 73 ажил олгогч байгууллагаас 542 цагийн ажлын байрны захиалга авч, 482 иргэнийг бүртгэж, 477 иргэнийг цагийн ажилд, хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнийг түр ажлын байранд тус тус зуучилжээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд үйл  ажиллагааны мэдээллээ нээлттэй олон нийтэд хүргэх, нээлттэй өдөрлөг, нөлөөллийн ажил зохион байгуулах, хороод болон бусад нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах уялдааг нэмэгдүүлэх, судалгааны ажилд анхаарах, судалгааны мэдээллийн сантай болох зэрэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон асуудлыг хөндлөө. Хорооны гишүүдээс гарсан саналыг хүлээн авч, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллана гэдгээ тус газрын дарга С.Нямдорж онцолсон юм.

Статистик мэдээгээр Нийслэлийн нийт хүн амын 52 хувь нь хөдөлмөрийн насныхан байгаа хэдий ч ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 28.857 буюу 5.2 хувиар буурч, ажилгүй иргэдийн тоо 5.8 хувиар өссөн. Хөдөлмөр эрхлэлт буурч, ажилгүй иргэдийн тоо өссөн дүнтэй байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас байгууллагын бодлого, төлөвлөгөөгөө ахмадууд болон залуучуудын зуучлал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна гэв. 2022 оны 4 сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр зуучлуулан Боса Холдинг, Бургер Кин, CU сүлжээ дэлгүүр зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын 1163 ажлын байранд 248 иргэн байнгын ажлын байр хангажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.