Шүүгч З. Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах шийтгэл оноов

 Шүүгч З. Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах шийтгэл оноов

Өмгөөлөгч Б. Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авахуулахаар гаргасан Нэхүүл, Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-ынхны гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүд хэлэлцжээ.

Тус хорооныхон нилээд орой болтол хуралдсаны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б. Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. Болдбаатар, Улсын Дээд шүүхийн шүүгч С. Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М. Алдар, Т. Өсөхбаяр, Б. Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газар цугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлт гаргажээ. Харин өмгөөлөгч Б. Баасанцогттой тухайн өдөр нэг орон сууцанд байсан нь тогтоогдоогүй, хоёр эмэгтэй шүүгч тэдэнтэй тухайн байранд хоносон гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн аж. Ингээд зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. Болдбаатарт огцруулах шийтгэл оноосон байна. Үүнээс өмнө З. Болдбаатарыг шүүгч Х. Идэр, Б. Отгонбаатар, өмгөөлөгч Б. Баасанцогттой хамт цахилгаан шатанд ёс зүйгүй үйлдэл гаргасан үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооноос цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь хасах шийтгэл оногдуулж байсан билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг болон дээрх 6 шүүгчийн үйлдлийг нэг хэрэг гэж бичиж буй нь ташаа гэдгийг ташрамд тодотгоё.

Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хурлаас Улсын Дээд шүүхийн шүүгч С. Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М. Алдар, Т. Өсөхбаяр нарт цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б. Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. Халиун нарт сануулах шийтгэл оноолоо. Шийтгэл хүлээсэн 6 шүүгч Сахилгын хорооны шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа илэрхийлсэн гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.