Хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

 Хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Дэлхийн ногоон хөгжлийн институт /ДНХИ/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аннака Питерсон,  Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нар өчигдөр ажлын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус газрын зөвлөх Ж.Билэгсайхан, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн О.Мишээл, Ногоон хотын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат нар оролцов.

Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотод Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах талаар мэдээлэл солилцож, олон улсын жишиг ногоон хот төлөвлөлтийн тухай зөвлөлдөв. ДНХИ-ийн зүгээс “Манай гол үйл ажиллагааны стратегийн чиглэлийн нэг нь ногоон хот, аж үйлдвэрийн хөгжлийг бий болгох байдаг. Та бүхний хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажил манай байгууллагын голлох чиглэлүүдэд багтаж байна” гэв.  ДНХИ нь 2023-2024 оны ажлын төлөвлөгөө болон таван жилийн стратеги /2022-2026/ төлөвлөгөөгөө боловсруулж буй  бөгөөд тэрхүү төлөвлөгөөндөө Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгаж,  хамтарч ажиллах боломжийг судлахаар болов. Мөн тус байгууллагын 2030 он хүртэлх стратегийн хүрээнд хамтарч ажиллах төслөө уялдуулж үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр талууд санал нэгдсэн юм.

Түүнчлэн хатагтай Аннака Питерсон Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа энэ үеэр илэрхийлэв.  

НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.