Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Буриад улстай хамтран ажиллана

 Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Буриад улстай хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич, Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд аялал жуулчлал, байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.

Буриад улсын талаас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд, тус улсын зүгээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч, томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг аялал жуулчлалын идэвхтэй бүс байгаль нуур орчимд байгуулахаар төлөвлөгдөж буйг Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Д. Доржиев дуулгалаа.

Мөн энэ удаагийн Монгол Улсад хийж буй албан айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын дотоодын аялал жуулчлалын 15 тур компанийн төлөөлөл манай улсын аялал жуулчлалын салбартай туршлага судлах болон цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцохоор ирсэн гэв.

Түүнээс гадна Монгол, Буриад хоёр улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож, ОХУ-ын дотоодын жуулчдыг төдийгүй цаашлаад Азийн бусад орнуудаас ирэх жуулчдын урсгалыг байгаль нуурын аялалаар дамжуулан Монгол Улс руу татах бүрэн дүүрэн боломжтой. Нэн ялангуяа Байгаль нуур-Хөвсгөл нуур чиглэлийн маршрутыг хөгжүүлж, бодит ажил хэрэг болгох саналтай байна гэсэн юм.

Үргэлжлүүлэн байгаль нуурын баруун эрэгт эдийн засгийн бүс байгуулж, түүгээр дамжуулан гадны бусад улс орнуудаас томоохон хөрөнгө оруулалт татах, дотоодын аялал жуулчлалаа тэлэх, эдийн засгаа солонгоруулах чиглэлд тус улсын аялал жуулчлалын бодлого төвлөрч байна гэж ярив.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас 100 хувь хараат байдлаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Ирэх жилүүдэд энэ байдлыг халж, ДНБ-нд эзлэх аялал жууллалын салбарын хувь, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, хичээл зүтгэл гаргаж ажиллана”гээд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс ч аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарал хандуулж, богино хугацаанд эдийн засгаа сэргээх түргүүлэх чиглэлээр зарлаад байна гэсэн юм.

Түүнчлэн Монгол, Буриад хоёр улсын төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, дотоодын аялал жуулчлалыг тэлэх, эдийн засгийн бодит сэргэлтийг дэмжих боломжийг бодит ажил болгож, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Түүнчлэн Бүгд Найрамдах Буриад улстай цаашид байгаль орчин хийгээд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тарьц, суулгацын нийлүүлэлт болон аялал жуулчлалын салбарт бодит үр дүн гаргасан ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.