Өмнөх жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтөд оржээ

 Өмнөх жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтөд оржээ

Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил  эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хорооны нутагт гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй барилгын  В, Е хэсэгчилсэн талбарт ажиллалаа.

Тэрхүү хэсэгчилсэн талбарт төсөлд шалгарсан “Скай вип констракшн”, “Гурван бухат” ХХК, “Батхэрэйд” ХХК-ийн барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Баянзүрх дүүргийн 12-р хороо  Е хэсэгчилсэн талбайн  23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайн 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувьд орон сууц бариад байна.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:

-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт өмнөх жилүүдэд удаашралтай явагдаж, жилд 1500 орчим айлын орон сууц дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж байсан. Энэ жилээс бид энэ тоог 3-5 мянгад хүргэхээр зорьж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн бодлого хэрэгжүүлж байж бид зорьсон тоондоо хүрнэ. Төсөлд шалгарсан компаниуд маань  үнийн өсөлтийг сөрөн ажлаа үргэлжлүүлсээр байгаад талархаж байна. Мөн ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгажээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэнээр төвлөрөл саарч, агаар хөрсний бохирдол буурахын дээр тэр хэрээр ядуурал буурч, амьдрах орчин сайжирна. Цаашид нийслэл, хувийн хэвшил, иргэний хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой.  Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана.  Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орж, ажлын байр нэмэгдэх төдийгүй байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм гэлээ.

“Гурван бухат” ХХК-ийн захирал М.Гантулга:

-Манай нэгж талбарт энэ хаврын хувьд газраа чөлөөлсөн 27 айл бий. Тэдгээрийн 13 нь нүүж явсан. Нийтдээ 18 блок 5, 12, 16  давхар барилгууд барихаас зургаан барилгыг энэ жилдээ багтаан ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна. Бид зөвхөн орон сууцнаас гадна үзэсгэлэнгийн танхим, төр захиргааны байр барина.

-Газар чөлөөлөлт хийгээд барилга, орон сууц барихад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Газар чөлөөлөх явцад багагүй бэрхшээл учирч байна. Бид газраа чөлөөлсөн айл өрхүүдэд байр өгөхөөр гэрээ байгуулж байгаа. Иргэд газраа бэлэн мөнгөөр өгөх, их хэмжээний талбай бүхий орон сууц хүсэх нь бий. Манай төсөл нийт 259 нэгж талбарт хэрэгжинэ. Түүний 30 орчим хувьд нь аж ахуй эрхэлдэг айлууд бий. Тэд хэлэлцээр хийхгүй гэсэн байр суурьтай байна. Зарим айлууд урьд өмнөх компаниудтайгаа ойлголцохгүйгээс болоод бүлэг үүсгэчихсэн жаахан хүндрэлтэй л байна. Таван давхар барилга бүхий хэсэгт 360 айлын орон сууц баригдана.

Өнөөдрийн уулзалтад иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд амьдрах орчноо сайхан болгохын тулд түргэн нүүсэн гэх иргэд цөөнгүй байлаа. Харин иргэн Н.Баярцог дахин төлөвлөлтийг дэмжиж буй боловч хашаандаа 30 жил амьдрахдаа 500 гаруй мод тарьсан нэгэн аж. Нарс гацуураас эхлээд алим, лимоны мод хүртэл тарьсан тул хашаандаа амины орон сууц барьж аж төрөх сонирхолтойгоо илэрхийллээ.  Түүний хүсэлтийг сонсоод Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар дараах тайлбарыг хэлсэн.

-Иргэн Н.Баярцог шиг хүсэлтэй иргэд байдаг. Тэдний хувьд амины орон сууц маягаар аж төрж болно. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад өгч болно. Амины орон сууц маягаар үлдэж буй айлууд 2-3 давхраас өндөр, 400 метр квадратаас илүү талбайтай байр барьж болохгүй. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжгүй гэх мэт шаардлагуудыг тавина. Нэг хоёр жилийн дараа газар дээрээ өөр барилга бариулчихна гэж бодож буй хүмүүс байгаа бол боломжгүй юм шүү гэдгийг сайн ойлгоорой хэмээсэн юм.

Нийслэлийн удирдлагуудын очсон удаах талбар нь В талбар юм. Тус газарт “Бат хэрэйд” ХХК сургууль, цэцэрлэг барьж, 12 дугаар хорооны хүүхдүүдийг оруулах ажээ.

“Бат хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгалмаа:

-Манай компани үйлчилгээтэй 128 айлын орон сууц барьж байна. В хэсэгчилсэн талбарт 295 айлын хашааны газрыг чөлөөлөхөөс 80 гаруй хувь нь гэрээгээ хийсэн. 78 айлын хашааг

чөлөөлж 120 гаруй айлыг орон сууцанд оруулаад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол яалт ч үгүй иргэд, төр, компани гурав ойлголцож, хамтарч байж үр дүн гарах юм. Орон сууцанд орсон айлууд маань баяртай байгаа. Энэ орчинд олон жил суурьшаад орчин нөхцөл тааруу, хөрсний бохирдол ихтэй, нүхэн жорлонгоо сэлгэж барих газаргүй болсон байсан.

Манай төсөл нийтдээ 3800 гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барина. 2028 оны хүртэлх төлөвлөгөө график гаргаад, түүнийхээ дагуу ажиллаж байна гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 43 талбарт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг  шалгаруулаад   байгаа юм. 2020 онд л гэхэд 30 орчим аж ахуйн нэгж төсөлд шалгарсан боловч 10 нь ажиллаад, 10 нь огт ажиллаагүй, үлдсэн нь иргэдтэйгээ ойлголцоогүйгээс ажлаа зогсоосон зэрэг хүндрэлтэй байсан бол өнгөрч буй хоёр жилийн хугацаанд нэлээд эрчимтэй ажилласан. Ковидын үед бид бодлогын баримт бичгээ цэгцэлсний үр шим одоо гарч байна хэмээн  Нийслэлийн Засаг даргын  орлогч онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.