Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрт иргэн та саналаа өгөөрэй

 Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрт иргэн та саналаа өгөөрэй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад байна. Энэхүү бодлогын баримт бичигт олон нийтийн саналыг тусгаж эхэллээ. Иргэн та “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-тэй танилцах болон саналаа өгөх бол дараах холбоосоор нэвтэрнэ үү.

“Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийг боловсруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа-2050”-д дурдсан амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хотыг хөгжүүлэх зорилтуудтай уялдуулсан байна. Засгийн газрын 248 тоот тогтоолоор Хот,  хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус хороо нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах юм.

Түгжрэлийг бууруулах дунд хугацааны хөтөлбөрт санал авах хэлэлцүүлгийг нийслэлийн хэмжээнд шаталсан хэлбэрээр зохион байгуулж байна. Өнгөрсөн мягмар гараг /2022.04.19/-т  авто замын салбарт олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөллүүдийг багтаасан хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулж буй дараагийн үе шат нь Улаанбаатар хотын иргэдийн саналыг цахим хэлбэрээр QR код ашиглан авч, улмаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.