Д. Эрдэнэбилэг, М. Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

 Д. Эрдэнэбилэг, М. Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д. Эрдэнэбилэг, Монголын ипотекийн корпорац ( МИК)-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад энэ долоо хоногийн эхэнд чөлөөлөгдсөн , Монголын зэс ( Монголиа коппер корпорэйшн) – ийн ТУЗ – ийн дарга зэрэг албан тушаал хашдаг М. Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих , эсэхийг өнөөдөр 09: 00цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг дөрвөн хүнийг цагдан хорих хүсэлт НПГ-т өчигдөр өглөө гаргасан бөгөөд хяналтын прокурор нь уг саналыг үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхэд хүргүүлсэн байна.

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н. Тэмүүлэн : Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б. Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Түүний хамаарал бүхий тодорхой объектуудад нэгжлэг хийсэн. Улмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт , мэдээлэл байгаа гэх заалтыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн хэмээн мэдээлэл өгсөн юм.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөн мягмар гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талд оршдог Худалдаа хөгжлийн банкны төв байр, Монголын зэс зэрэг аж ахуйн нэгжид нь нэгжлэг хийсэн аж.

Д. Эрдэнэбилэг, М. Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин авсан, Хөгжлийн банкнаас Кью си эс компаниараа дамжуулж их хэмжээний зээл авч зориулалт бусаар зарцуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой хк-ийг төрийн мөнгөөр хувьчилж авсан байж болзошгүй гэх зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, заримд нь яллагдагчаар татаад байгаа билээ. Цагдан хориулахаар хандсан дөрвөн хүнийг дээрх дурдсан хэргүүдээс Эрдэнэт үйлдвэр- ийн 49-ийн хувьцаатай холбоотой үйлдэлд нь таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар хандаж буй гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.