Барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байна

 Барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх,  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор  холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,  Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран өнөөдөр Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш:

-Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Бид барилга барьж буй талбайд ирж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, стандарт мөрдүүлэх ажлыг тогтмол хийдэг. Яг одоо ирээд буй энэ газар бол “Алтан жолоо” компанийн 21 давхар оффисийн зориулалттай барилга юм. Энэхүү барилгын компанийнханд хамгаалалтын хашааны өнгийг стандартад заасны дагуу саарал болгож өөрчлөх, зүүн талаараа явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүргийг өглөө. Мөн гадна шатанд торон хаалт хийх шаардлага тавилаа. Компаниудын хувьд барилга угсралтыг стандарт, шаардлагад нийцүүлэн явуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байлаа гээд бид торгох шийтгэхийг урьтал болгохгүй, хугацаатай үүрэг өгөөд явж байгаа гэлээ.

Харин “Алтан жолоо констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Ариунгоогийн хувьд “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс барилга угсралтын ажил эхэлсэн цагаас хяналт тавьж, алдаа мадгийг засах тал дээр зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн хувьд өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг бат бөх, цэвэр үзэмжтэй байдлаар хийх, явган зорчигч болон бусад хүний аюулгүй байдлыг хангах чиглэлийн үүрэг өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь барилга угсралтын компани бүрийн үүрэг. Манай компанийн хувьд ажилчдаа “Өглөө гэрээсээ гарахдаа инээж ирдэг шигээ орой гэртээ инээж харих” хэмжээнд аюулгүй байдлыг нь хангуулахыг зорьдог хэмээв.

Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайханаас барилгын хашаа, хамгаалалт ямар байх ёстой талаар тодруулахад “Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага, MNS 54142014 үндэсний стандартад заасанчлан барилгын хашаа бол дороо бат бөх суурьтай, өндөр нь гурван метрээс багагүй, цагаан юм уу, цагаан саарал өнгөтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой. Түүнчлэн зургаан метр тутамдаа хамгаалалтын тор татаж, явган зорчигчийн зам дагуу 20 градусын налуу хавтан тавих гэхчлэн нарийн заалтууд бий. Мөн барилгын талаарх мэдээлэл, анхааруулга, аюулгүй байдлын санамж бүхий самбарыг байршуулсан байх ёстой” гэлээ.

Өнгөрсөн жилийн хувьд  нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангажээ. Харин энэ онд нийслэлд барилга угсралтын 185 ажил эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.