“Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

 “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо  өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төсөл болон сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн

Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийнэ” гэсэн юм.

Хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон байна. Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөжээ. Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцсон байна. Нэгдүгээр шугам нь  15 буудалтай байх бөгөөд нийтдээ 110 га орчим газарт бүтээн байгуулалт хийх юм.

Түр хорооноос “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай” тогтоолыг гишүүдийн 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Ачаалал өндөртэй 57 цэцэрлэг байна

Түр хорооны хуралдааны хоёр дахь асуудал нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх байлаа.  Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, гурван настнуудын 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан бол хоёр настнуудын 53.9 хувь нь цэцэрлэгт хамрагджээ. Үүнээс үзвэл, Улаанбаатар хотод 38.538, орон нутагт 334.159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг бий. Тэдгээрийн 276 нь төрийн өмчит, 398 нь хувийн  хэвшлийнх. Энэ хичээлийн  жилд  зургаан дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байгаа бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна.  Хэт ачаалалтай цэцэрлэгүүд  58 мянга орчим хүүхдийн орон тоонд 77 мянга орчим хүүхэд аваад байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан байна. Тэрхүү шийдлийг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. Тэрбээр “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол, улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсах зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найм нь орон сууцны, 26 нь шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ. 

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч, 2-3 насны хүүхдийг тус үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна. Салбарын яамнаас гурав хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсах зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцолсон.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.