Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

 Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал солилцсон юм. Мөн тус хорооны чиг үүргийн хүрээнд харьяалагдах нэгж, хэлтсүүдэд ажиллах жагсаалт батлах, БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийн талаар санал солилцов.

Хуралдааны эхэнд Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны дарга Л.Отгонбаатар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Төсөлд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, ан амьтан ургамлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг 7 бүлэг 32 чиглэлийн ажлыг тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хорооны гишүүдээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгах, хорооны гишүүдээс дахин санал авах талаар байр сууриа илэрхийлэв. 

Мөн өнөөдрийн хуралд БНСУ-ын Койка олон улсын байгууллагаас 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй Монголын цэвэр хүрээлэн буй орчин төслийг танилцуулав. Уг төсөл нь ирэх 6 дугаар сараас эхлэх бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг хэмжин, шинжлэх аж. Улмаар шинжилгээг үндэслэн бодлогын бичиг баримт боловсруулах юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны гишүүн Ж.Батбаясгалан уг төслийг нийслэлийн ИТХ-ын хэмжээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Койка олон улсын байгууллагын ахлах зөвлөх, доктор Саха Меянатан энэ талаар “Энэхүү төслийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлын нэг болсон агаар, орчны бохирдлыг хэмжихдээ сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглана. Мөн төсөлд оролцож буй салбарын яам, нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлнэ. Төслийг дэмжиж, манлайлан ажиллахаар болсон Нийслэлийн ИТХ-ын байгууллагад талархал илэрхийлье” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.