Хүүхдийн ₮100 мянгыг он дуустал бэлнээр олгоход, төсөвт нөлөөлөхгүй гэв

 Хүүхдийн ₮100 мянгыг он дуустал бэлнээр олгоход, төсөвт нөлөөлөхгүй гэв

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуусталХүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгаягэсэн чиглэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гараад байна. Уг асуудлыг 2022 оны төсвийн тодотголын төсөлд тусган УИХ-д оруулах бөгөөд эцсийн шийдвэр гараагүй гэдгийг Засгийн газрын зүгээс тодотгож буй юм.

Засгийн газрын эх сурвалжаас тодруулахад “Хүүхдийн мөнгийг он дуустал бэлнээр олгох шийдвэр хэрэгжлээ гэхэд төсөвт тусгасан мөнгөн дүнд өөрчлөлт орохгүй. Нэг бол иргэнд 100% бэлнээр очих, эсвэл нэрийн дансанд нь 50%-ийг нь байршуулах хэлбэрээр олгох гэсэн хоёр хувилбар л байгаа” гэсэн хариултыг өгч байна.

Тодотгоход, Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгосон  юм.

Харин  долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг хуулийн хүрээнд олгож байгаа.

Эрх баригчид энэ  онд дэлхийн зах зээл дэх экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461,737.7 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийж, хуульчлан баталсан.

Тус сангийн орлогын бүрдэлтийг авч үзвэл:

  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 404,530.8 сая төгрөг төвлөрүүлнэ. Тодруулбал, Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаас энэ хэмжээний орлого бүрдүүлэх ёстой.
  • Мөн Татварын ерөнхий газар  Ашигт малтмалын тухай хуульд заасан үүсмэл ордоос бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь болох 1,057,206.9 сая төгрөгийг тус санд төвлөрүүлэх үүрэгтэй.

Улмаар тус сангаас 1,461,737.7 сая төгрөгийг Хүүхдийн мөнгөнд зарцуулахаар тусгасан.

Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тус тус тооцож баталсан.

Энэхүү 365.4 тэрбум төгрөг гэдэг бол 2022 оны долоодугаар сарын 1-нээс хойш Хүүхдийн мөнгөний 50%-ийг нэрийн данс руу нь шууд татаж, хуримтлал хэлбэрт шилжүүлэх хуулийн хэрэгжилтийн хүрээнд төвлөрөх ёстой мөнгө юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.