ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТАЛААРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖҮҮДЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

 ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТАЛААРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖҮҮДЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн газрын Сонгуулийн шинжээчдийн баг 2022 оны 4 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ажиглалтын тайлан, санал, зөвлөмжөө оролцогч талууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Төрийн аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, УИХ-ын Төрийн байгуулалтын хороо, яам, агентлаг, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөлд танилцуулжээ.

Ардчилсан институци, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн, хатагтай Лолита Чигане тус газраас Засгийн газар болон бусад оролцогч талуудыг сонгуулийн шинэчлэлийн чиглэлээр ажиллаж эхлэхийг уриалаад “Бид Монгол түншүүдтэй хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлж байна. Монгол Улсын сонгуулийн үйл явцыг цаашид бэхжүүлэх талаар ойрын хугацаанд ярилцахыг хүлээж байна. Сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө сонгогчдод чөлөөтэй хүргэх боломж бүрдсэн, зохион байгуулалт сайтай, өрсөлдөөнтэй сонгууль болсныг онцлон дүгнэж байна. Гэхдээ нэр дэвших эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийг сурталчлах зэрэг зарим зохицуулалт хэт их хязгаарлагдмал байна. Бие даан нэр дэвших, парламентад суудалгүй намаас нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа, сурталчилгааны санхүүжилт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авах нь тэргүүлэх ач холбогдолтой” гэсэн байна. Тус газраас гишүүн улс зөвлөмжийг хэрэгжүүлэхэд эрх зүйн болон техникийн туслалцаа үзүүлэхэд боломжит оролцоо байж болох талаар хөндсөн бөгөөд сонгуулийн тогтолцоо, хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлт, цахим санал хураалт, хяналт, судалгаа, хэлэлцүүлгүүдэд хувь нэмэр оруулах боломжтой гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.