Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд иргэдээс санал авч эхэллээ

 Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд иргэдээс санал авч эхэллээ

2023 оны Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч эхэллээ. Энэхүү санал асуулга нь дөрөвдүгээр сарын 15 буюу өнөөдрөөс улс орон даяар эхэлж буй бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-гийн санхүүжилт ямар байсан талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн ОНХС хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөндалай, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер  Г.Халиунгоо, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн мэргэжилтэн Б.Хоролмаа нар оролцов.

Энэ оны хувьд нийслэлийн хэмжээнд ОНХС-гаар дамжуулан 28.5 тэрбум төгрөгийг иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчныг сайжруулахад зориулах юм. Нийслэл Улаанбаатар хотын тухайд ОНХС-гийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг тусгаж заншсан. Жил бүрийн 1-6 дугаар сард багтаан иргэдийн саналыг цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос ухаалаг утасны SmartUB аппликэйшнээр авч эхэлсэн байна. Цаасан болоод цахим санал асуулгын аль алинд иргэдийн оролцоо хангалттай биш байдгийг хэвлэлийн хурлын үеэр тодотгож байлаа. Өнгөрсөн  2021 онд л гэхэд нийслэлийн есөн  дүүргийн 171 хорооны иргэдийн 46.3 хувь нь ОНХС-гийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх ажилд саналаа өгчээ. Саналын 80-90 хувь нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт багтдаг аж.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт “ОНХС-гийн цахим санал асуулга нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэлж байна. Энэхүү санал асуулга нь иргэн бүрд хүрч, хороо, сум гэх мэт анхан шатны нэгжид амьдарч буй иргэдийг төсвийн төлөвлөлтөд оролцох боломжоор хангасан байдгаараа онцлог. Ганц жишээ дурдахад, 2017 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл, дүүргийн орон нутгийн санд 11.8 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2022 онд 22.5 тэрбум төгрөгт хүрсэн. Урьд өмнөх жилүүдэд энэхүү төсвийн 70 хувийг нийслэлд, 30 хувийг дүүргүүдэд хуваарилж байсан бол энэ оноос шинэчилсэн хуулийн дагуу 50:50 хувийн харьцаатай болсон. Ийнхүү дүүргүүдэд олгох ОНХС-гийн хөрөнгө нэмэгдээд байна. Иргэдийн саналын 80-90 хувь нь НИТХ-аар батлагдан хэрэгждэг онцлогтой. Иргэдийн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто замын засвар, дээвэр, фасадын засвар хамгийн олон санал авч эрэмбэлэгддэг. Тиймээс нийслэлчүүд та бүхнийг ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд саналаа идэвхтэй өгөөрэй гэж уриалъя” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнгөндалай:

-Манай дүүрэг нийслэлийн хүн ам олонтой томоохон дүүргийн нэг гэдгээрээ онцлог. Манай дүүрэгт 2020 онд  1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ОНХС-гаас олгож байсан бол 2021 онд хоёр тэрбум,  2022 онд гурван тэрбум болж нэмэгдсэн. Ийнхүү хөрөнгө нэмэгдсэнээр хороодод буюу иргэдэд хамгийн ойр орчинд хийх ажлын хөрөнгө мөнгө, далайц нэмэгдэнэ гэсэн үг. Ноднин жил Сонгинохайрхан дүүргийн иргэдээс хамгийн их санал авсан нь камержуулалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт,  хаягжуулалт, явган хүний зам засварын ажлууд. Тиймээс энэ жил хамгийн олон санал ирсэн камержуулалт болон гэрэлтүүлгийг тус бүр 10 хороонд хийнэ. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтыг 12 хороонд байгуулна. Ингэхдээ сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, ахмад настнуудын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчинг бүрдүүлсэн талбайнуудыг бий болгоно. Мөн автомашины зогсоол болон явган хүний гүүр, хаягжуулалт зэрэг ажлыг тус бүр  10 хороонд хийнэ гэсэн юм.

 Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо:

-Хотын засаглалыг сайжруулах төсөл бол Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлдэг. ОНХС-гийн санал асуулгыг цаасан хэлбэрээс цахимд шилжүүлэх хүсэлтийг манай төсөлд тавьсны дагуу бид хамтран ажиллаж байна. Цаасан хэлбэрийн санал асуулгад нэг өрхөөс нэг л иргэн санал өгч байсан. Тиймээс 2018 онд холбогдох судалгааг хийсэн. Судалгаагаар нийслэлийн хүн амын 80 орчим хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байв. Энэ хувь оролцоо нэмэгдэж, энэ онд нийслэлийн насанд хүрсэн хүн амын  96 хувь нь гар утас хэрэглэж байна гэсэн тоо гарсан.

Зөвхөн нийслэлд хэрэгжиж байсан иргэдийн санал асуулга энэ жилээс улс даяар өрнөж байна. Тэгэхээр иргэд гар утсандаа “Орон нутгийн хөгжлийн сан” аппликейшнийг татан авч, цахимаар саналаа өгөх боломжтой. Өөрийнхөө амьдарч буй орчныг ая тухтай, цэгцтэй, хүүхдэд ээлтэй байлгах үүднээс саналаа өгөөрэй гэж хүсье.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн мэргэжилтэн Б.Хоролмаа:

-Иргэд ОНХС-гийн төсөл, хөтөлбөрт нэгдүгээрт удирдлага мэдээллийн системээр, хоёрдугаарт шинээр хөгжүүлсэн гар утасны аппликейшнийг утсандаа татаж аваад саналаа өгөх боломжтой. Орон нутгийн хөгжлийн сан гэдэг бол иргэдийн мэдлийн төсөв гэсэн үг. Тиймээс

иргэд саналаа өгөхийн зэрэгцээ хийж, хэрэгжүүлж буй ажлын төсөв, хэрэгжүүлэлт, тендерийн явц гэхчлэн бүхий л мэдээллийг авах боломжтой гэлээ.

2022 онд нийслэлийн ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 14.3 тэрбум төлөвлөгдөж, ажлууд эхэлсэн бөгөөд салбараар ангилан үзвэл дараах байдалтай байна.                                                                                                                                                                                

Д/дТөсөл, арга хэмжээний салбарТоо хэмжээ2022 онд санхүүжих    (сая төг)Эзлэх хувь
1Авто зам, замын байгууламж, явган хүний зам10           798.605.6%
2Гэрэлтүүлэг7        1,050.007.3%
3Камержуулалт4           226.601.6%
4Нийтийн орон сууцны дээвэр, фасад засвар12        1,275.208.9%
5Техник, тоног төхөөрөмж5           485.003.4%
6Тохижилтын ажил375,164.6036.0%
7Бусад25,353.4037.3%
 Нийт дүн77      14,353.40100%

2023 оны ОНХС-гаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийслэлийн есөн  дүүргийн 204 хорооны иргэд өнөөдрөөс эхлэн 2022 оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл саналаа өгөх боломжтой. Та  “Орон нутгийн хөгжлийн сан” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна E-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа өгч болно.

Иргэн та өөрийн амьдарч буй дүүрэг, хороогоо ая тухтай, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгахыг хүсдэг бол яг одоо саналаа өгөөрэй. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.