УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ҮНЭ БУУРУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

 УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ҮНЭ БУУРУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА

УИХ-аар “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г. Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар хуулийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ хуулийн төсөлд иргэд D-parliament aппликейшнээр дамжуулан олон санал ирүүлснийг багцалж хуулийн төсөлд тусгах чиглэлийг ажлын хэсэгт өгч иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа. Тухайлбал үйлдвэрлэгчдэд зээл олгохдоо одоо байгаа үнийг тодорхой хэмжээнд буулгаж, тодорхой хугацаанд барих шаардлагатай гэсэн болзолтойгоор зээлийг олгох нь зөв гэсэн саналыг цөөнгүй иргэд ирүүлжээ. Энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтад гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн холбооны төлөөллөөс гадна Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон нэр бүхий гишүүд оролцож, хэлэлцэж байгаа хуулийн төсөлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар ямар асуудал, шийдэл тусгагдсаныг танилцуулсан юм.

ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. 3-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулж эхлээд байгаа аж. Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ. Цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурьдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ тохиолдолд цайны газрууд, хоол үйлдвэрлэгчид худалдан авч зорилтот иргэддээ хүрч чадахгүй байж болзошгүй эрсдлийг тооцож, зохицуулалтыг хийх шаардлага байгаа талаар мөн яригдлаа. Харин гурилын тухайд үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд цаашид улаан буудайн үнээс шалтгаалах учраас шатахууны үнэ тогтвортой байлгахад анхаарч өгөөч гэдэг саналыг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г. Занданшатар дүгнэж хэлсэн үгэндээ, цахилгааны зардал дээр дэмжлэг үзүүлэх, шатахууны үнийг аль болох тогтвортой байлгаж, бууруулах зэрэг саналуудыг судалж үзээд шийдэл гаргана гэв.

Түүнчлэн үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж Аж ахуйн нэгжүүдийг шахахгүй харин аж ахуйн нэгжүүдийн өртөг, зардлыг бууруулах замаар ард иргэдийн хүнсний хангамжийг үнийн өсөлтөөс сэргийлэх алхмыг хамтдаа авч хэрэгжүүлье. Хаврын тариалалтаа дэмжье , экспортоо дэмжие, импортоо хэмнэе гэж уриалав.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.