ТАРИАЛАНЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 ТАРИАЛАНЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Атрын 4-р аян-Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө “Төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”, “Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр тус тус үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр

“Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл гурваас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга технологитой тул төрийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулан ажиллаж байна” гэдгээ онцлон хэлэв.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь “Жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, шийдэл”-ийн талаар танилцууллаа.

Энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн “Төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн” болж буй.

Тус зөвлөгөөнд сайд З.Мэндсайхан “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын зорилт”-ын талаар танилцуулсан бол бусад илтгэгчид “Дэлхийн хүн амын хүнсний хангамж, зохистой хэрэглээ”, “Газар тариалангийн мэдээллийн цахим систем, мөшгөх тогтолцоо”, “Хүнсний ногооны сорт сонгох, таримлын сэлгэн тариалалтад анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.

Зөвлөгөөнд оролцож буй хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн төлөөлөл сайд З.Мэндсайханаас тулгамдаж буй асуудлаар асуулт тавьж, санал солилцлоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.