Хуурамч бичлэг цацсан Ehlel Brand-ийг нэг сая төгрөгөөр торгожээ

 Хуурамч бичлэг цацсан Ehlel Brand-ийг нэг сая төгрөгөөр торгожээ

Ehlel brand-ийн дэлгүүрийг дээрэмдэж , ажилтны биед халдаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд өчигдөр тархсан. Уг асуудлаар тус компанийн захирал цахим хуудастаа мэдээлэхдээ маркетингийн ажлын нэг хэлбэр гэх тайлбарыг бичсэн.

Эхлэл брэндийн гар утас, гар утасны дагах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийг дээрэмдэж байгаа бичлэгийг байгууллагынхаа Ehlel Plaza-гаар танилцах LIVE фейсбүүк цахим хуудсанд байршуулсан үйлдэлд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдвэрийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан гэмт хэрэг, зөрчлийг ашиг, орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон харуулсан, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл төрүүлж болох агуулгатай аливаа мэдээллийг олон нийтэд сүлжээнд тараасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компанийн хууль ёсны төлөөлөгч Ц-д 1000 нэгжтэй тэнцэх 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд иргэний, хуулийн этгээд бүр гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр урьдчилан сэргийлж Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх, үүргийг ажилтнууддаа мэдээлж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол улсын Зөрчлийн тухай хууль

5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.