Нийтийн эдэлбэрт бүртгэх 17 га газрыг танилцууллаа

 Нийтийн эдэлбэрт бүртгэх 17 га газрыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Хурлын эхэнд Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар танилцуулав.

НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ.

Нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийжээ. Улмаар 25 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх асуудлыг зөвлөлийн хуралд танилцууллаа.

Тодруулбал, Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га, Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га, Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га газар байна. Мөн Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га, Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га, Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах боломж бүрдэнэ. Мөн нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшил болдоггүй гэдгийг тодотгож байлаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг энэ жил нийт 4860 гарааш чөлөөлөхөөс өнгөрсөн хугацаанд 35 байршилд 1025 гарааш чөлөөлсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөснөө хэлж байлаа. Үлдсэн есөн байршлыг ногоон байгууламж, тоглоомын талбай хэвээр үйл ажиллагааг нь явуулахаар төлөвлөжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатарт үүрэг болгов.

Хотын дарга иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.