Төрийн өмчит компаниудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх САНАЛ ГАРГАЖЭЭ

 Төрийн өмчит компаниудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх САНАЛ ГАРГАЖЭЭ

Эдийн засгийн хүндрэлээс үүдэж, төрийн бүх байгууллага хэмнэлтийн горимд шилжээд байна. Тодруулбал, үнийн өсөлт, тэгш бус байдал, авлига албан тушаалын гэмт хэрэг, Хөгжлийн банкны асуудлыг эсэргүүцсэн залуус өнгөрсөн долоо хоног Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Жагсаалын дүнд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэмнэлтийн горимд шилжин төрийн албан хаагчид хотод том оврын автомашин ашиглахгүй, албан тушаалтнуудын тасалгаанд метр квадратын хэмжээг заах зэрэг хэмнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, УИХ-ын харьяа агентлагын бүх албан тушаалтнуудад нийслэлд том оврын автомашин ашиглахгүй байх шийдвэр гаргасан юм.

Мөн чуулган өнөөдөр 15.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Харин Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, онцгой нөхцөл байдал үүссэн өнөө үед төрийн байгууллагууд ямар хэмнэлт хийх талаар хэлэлцэн, Засгийн газрын тогтоол батлахаар болжээ.

Тогтоолын төслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар боловсруулсан бөгөөд тогтоолын төсөлд хот дотор төрийн байгууллагын удирдлагууд том оврын машин хэрэглэхгүй байх, төрийн өмчит компаниудын орлогч захирал, дэд дарга нарыг чөлөөлөх гэх мэт заалтууд багтаажээ.

Манай улс төрийн өмчийн 106 компанитай. Эдгээр байгууллагуудын орлого 10-аад жилийн өмнө 2 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн онд 10 их наяд болж нэмэгдсэн. Хэдийгээр орлого нь нэмэгдсэн ч зардал нь дагаад өссөн. Ерөнхийдөө орлогоо давсан зардалтай, жил бүр алдагдалтай ажилладаг гэхэд хилсдэхгүй, маш тансаг хэрэглээтэй газрууд бий. Мөн төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас 1 их наяд орчим төгрөгийн зээл авсан байдаг. Харамсалтай нь, үүнийх нь 762 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж одоо төр төлөх үү, хэн төлөх үү гэдгээ шийдэж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм.

Ер нь төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр төрийн өмчит компаниудтай холбоотой реформыг хийхээ зарласан. Энэ реформ төрийн өмчит компаниудын орлогч захирал, дэд дарга нарыг чөлөөлөхөөс эхэлж буй бололтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.