Эрсдэлтэй зээлүүдээ ЗГ-т шилжүүлэх бодлого барьж буй Хөгжлийн банк ХЭМНЭЛТЭД нэгдэв

 Эрсдэлтэй зээлүүдээ ЗГ-т шилжүүлэх бодлого барьж буй Хөгжлийн банк ХЭМНЭЛТЭД нэгдэв

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаатай холбогдуулан ард иргэдээ бүсээ чангалах хэрэгтэй гэж хэдхэн өдрийн өмнө сануулж байсан төр засаг нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан.Түүнчлэн төр засгийн байгууллагууд шат шатандаа хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай тулгараад буй.

Тэгвэл Монгол Улсын Хөгжлийн банкнаас дараах байр суурийг илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд туулах чадвар сайтай албаны автомашин хэрэглэхгүй байх, улмаар банкны эзэмшлийн автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, холбогдох ашиглалтын урсгал зардлуудыг хэмнэх шийдвэрийг гаргалаа.

Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, тээврийн хэрэгслийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулж, банкны ажилтан албан хаагчид нийтийн унаагаар үйлчлүүлэх, дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох уриалгыг гаргаад байна.

Хямралын нөхцөл байдалд байгаа хүнд цаг үеийг хамтдаа хохирол багатай даван туулж, хэмнэлтийн горимд шилжин ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас төр, засгийн бусад байгууллагуудад уриалж байна” гэв.

Дашрамд сануулахад, Хөгжлийн банкийг одоо удирдаж буй удирдлагын баг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгогдоод, эрсдэлтэй ангилалд орсон зээлүүдийг төр, Засгийн газар хариуцах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж буй.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болсон билээ. Сонсголын хүрээнд тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл хийхдээ, үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатайг тодотгосон. 2.2 их наяд төгрөгийн зээлийнх нь 1/3  буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц бөгөөд уг багцыг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авна гэсэн юм. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал гадаад, дотоод аль аль талдаа тун амаргүй байгаа ийм цаг үед  буюу энэ онд багтаж олон зуун тэрбумаар хэмжигдэх эрсдэл бүхий зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлснээр, төрийн компаниудын гаргасан алдаа дутагдлын хариуцлагыг хувийн хэвшлийнхэн, эгэл жирийн татвар төлөгчид нуруундаа үүрч дүүрэх нөхцөл байдал үүсч болзошгүй талаар өмнөх бичвэрээрээ хүргэж байсан билээ.

Уг нь Засгийн газар өнгөрсөн сарын 2-ны өдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцээд, тус банкан дахь төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд эргэн төлүүлэхэд холбогдох яамд, сайд нар анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгч байсан. Гэвч Ерөнхий сайдын үүрэг энэ оны тухайд хэрэгжих боломж хомс харагдаж буй бөгөөд Хөгжлийн банкны зүгээс энэ онд багтаан Засгийн газарт зээлүүдийг шилжүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

Хөгжлийн банкнаас зарласан 66 зээлдэгчид олгосон 75 зээлийн мэдээллээс үзэхэд Төрийн өмчит компаниудын авсан зээлийн хэмжээ дараах байдалтай байна.

Хэвийн зээлдэгчдийн жагсаалтад:

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн 158.7 тэрбум төгрөгийн зээл
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 44.2 сая юанийн зээл

Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалтад:

  • ДЦС-4 ТӨХК-ийн 75 сая еврогийн зээл
  • “Эрдэнэс Монгол” компанийн 141.3 тэрбум төгрөгийн зээл
  • Эрчим хүчний яамны 14.8 сая ам.долларын зээл
  • Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын 21 тэрбум төгрөгийн зээл

Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн жагсаалтад:

  • “Төрийн орон сууцны корпораци – Шинэ яармаг”-ийн 29.1 сая ам.долларын зээл
  • “Төрийн орон сууцны корпораци – Хөдөлгөөнт” – 19.2 тэрбум төгрөгийн зээл

Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад:

  • Төрийн орон сууцны корпораци -БУ2 – 73.5 тэрбум төгрөгийн зээл
  • Төрийн орон сууцны корпораци –БУ1 – 69.1 тэрбум төгрөгийн зээл
  • Эгийн голын усан цахилгаан станц -10.5 сая ам.долларын зээл

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.