ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт төрийн ордонд боллоо.

Уг уулзалтад Шинжлэх ухааны академи болон түүний харьяа судалгааны хүрээлэн, төрийн өмчит их дээд сургуулиуд болон бусад судалгаа, сургалтын байгууллагын удирдлагууд, Парламенын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ажилтнууд оролцов.

Хууль тогтоох байгууллагыг шинжлэх ухаанд суурилсан мэдээ, мэдээллээр хангах, хууль тогтоомжийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойллоо.

Уулзалтыг нээж УИХ-ын даргын ахлах зөвлөх Д. Лүндээжанцан үг хэлэхдээ, УИХ-аас шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо, судалгаанд суурилсан сайн хууль гаргахад эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо чухал болохыг онцолсон. Ингэхдээ эрдэмтэн судлаачдыг 2015 онд батлагдсан хууль тогтоомжийн тухай хуулинд анхаарлаа хандуулахыг хүслээ. Учир нь уг хуулиар УИХ-аар хэлэлцэж байгаа хууль бүхэн заавал шинжлэх ухаанд суурилсан байх ёстой бөгөөд өргөн барьж байгаа хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлага, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулахтай холбоотой зохицуулалт тусгагдсаныг тодотгосон юм.

Харин УИХ-ын тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа “ Монгол улсад төрөөс гарч байгаа бодлогын судалгаа дутмаг байгаа бөгөөд энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлогыг боловсруулж, хөгжүүлэх шаардлагатай байна. D-parliament цахим платформоор дамжуулаад эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын дата үүсгэх” гэхчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Д. Рэгдэл, МУИС-ийн захирал, Доктор Б.Очирхуяг, Удирдлагын Академийн захирал, Удирдахуйн ухааны доктор Д.Сүрэнчимэг нар байр сууриа илэрхийлж, талууд саналаа хэлэлцэж, хэрэгжүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.