Зөрчлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

 Зөрчлийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлаар 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2022.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын зургаан гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав. Тэрбээр, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуульд нийгмийн хор аюул бага буюу тэр даруйд залруулах боломжтой зөрчилд сануулах арга хэмжээ авахгүйгээр шууд торгох шийтгэлийг урьтал болгосон, торгох шийтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл тусгагдаагүй, зарим торгох шийтгэлийн хэмжээ бодит байдалтай нийцэхгүй, хэт өндөр , Эсвэл хэт бага хэмжээгээр тогтоосон, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан байна.Иймд иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах, сэтгэл зүйн хувьд хариуцлагаа ухамсарлах боломжийг олгох, Хуулийн зорилтоо бүрэн хангахуйц, заавал хэрэгжиж , хүн бүрт тэгш, алагчлалгүй шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөлд сануулж болох зөрчлийн хэргүүдийг тусгасан байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалах шалган шийдвэрлэж ирсэн бөгөөд үүнээс нийт зөрчлийн 92.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих, 3.3 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 0.3 хувь нь худалдаа үйлдвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 3.6 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж буй аж.

Эдгээрээс нийгмийн хор аюул бага, шууд таслан зогсоох боломжтой зөрчлүүдэд сануулах шийтгэлийг оногдуулснаар нэгдсэн журмаар бүртгэх боломж байгаа бөгөөд үүнээс нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг шалган шийдвэрлэдэг цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн албанд сануулах шийтгэл оногдуулах боломж бүхий бүртгэлийн систем бүрдэх юм байна. Сануулах шийтгэлийг зөрчил бүрт оногдуулах боломжгүй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан зөрчлийг сануулах зохицуулалтад хамааруулахгүй байхаар тусгасан гэлээ. Тухайлбал , гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мөрийтэй тоглох, Галт зөрчлийн тухай хууль зөрчих, Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай хууль, Донорын тухай хууль зөрчих гэх мэт зөрчлүүд сануулах зохицуулалтад хамаарахгүй юм байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй байх, Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, Улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, арилсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн жолооч, Эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, тогтоосон хугацаанд иргэн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэт түгээмэл гардаг,хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зүйлүүдэд шууд хүргэхгүйгээр сануулах боломжуудыг нээх зорилготой юм гэв.

Дараа нь Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-амгалан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, С.Бямбацогт, Г.Ганболд, Ц.Идэрбат , Н. Наранбаатар, Ц. Сандаг-очир , Т.Энхтүвшин нараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн.Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2022оны 04дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч зөрчилд оногдуулах шийтгэлийн үндсэн төрөлд сануулах шийтгэлийг шинээр хуульчлах, зөрчил гаргасан этгээдэд давхар шийтгэл оногдуулж байгаа зохицуулалтыг өөрчлөх, торгуулиа хугацаанд нь төлөх хөшүүрэг бий болгох зэрэг зорилгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-амгалан танилцуулгадаа онцлоод хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгийн хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж , Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ш.Адьшаа, Ж. Сүхбаатар, Ж.Ганбаатар , Б. Бат-эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Т. Аюурсайхан нар асуулт асууж, төсөл санаачлагч гишүүн Г.Ганболд, С.Бямбацогт нарт хариулт өглөө.

Мөн гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Ц. Даваасүрэн, УИХ баталсан хуулиа 1-2 жилийн дараа өөрчлөөд байх нь зохимжгүй. Ялангуяа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг иргэний эрх, хүний эрхтэй шууд холбоотой асуудалд долоо хэмжиж, нэг огтолж байх шаардлагатай. Нөгөө талаас авто машины тоо нэмэгдсэнтэй холбоотой жолоочийн зөрчил ихэссэн байхад арга хэмжээг нь зөөллөх нь сайн зүйл биш. Ер нь хатуу чанга байсны буруу гэж байхгүй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр маш сайн бодож,нягталж асуудалд хандах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд УИХ-аар төслийг хэлэлцэхийг дэмжээд , Засгийн газраас өргөн барих төсөлтэй нэгтгээд Ажлын хэсэг байгуулаад ажиллахдаа төслийг илүү сайн боловсруулж , гишүүдийн гаргаж байгаа саналыг тусган боловсронгуй болгож батлах саналтай байна гэв.

Ингээд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ -ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

эх сурвалж: zarig.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.