Кью Эс Си ХХК Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү. Амарбатыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

 Кью Эс Си ХХК Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү. Амарбатыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбатын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр Кью Эс Си ХХК-иас мэдээлэл хийлээ.

Кью Эс Си ХХК-ийн захирал Э. Шижир:

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат дөрөвдүгээр сарын 6, 7-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Уул уурхайн, металлургийн цогцолбор төсөл-ийг хэрэгжүүлэгч манай байгууллагатай холбоотой илтэд гуйвуулсан мэдээлэл өгсөн. Өмнө нь бэлтгэсэн тэрхүү ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна.

Олон нийтэд буруу мэдээлэл өгсөн учраас Ү. Амарбатыг шүүхэд өгч байгааг мэдэгдье. Хөгжлийн банк компанийн хэвийн үйл ажиллагааг ийнхүү доголдуулж халдаж байгаа нь буруу. Нийт 4 жилийн хугацаанд 20 гаруй удаагийн хяналт, шалгалт хийсэн. Удаа дараагийн шалгалтыг бид эсэргүүцээгүй. Гэтэл үйл ажиллагаанд ийнхүү илтэд халдаж байгаа нь том асуудал гэсэн юм.

Уг хэвлэлийн бага хурлын үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат хүрэлцэн ирж хэд хэдэн баримт дэлгэн хариулт авсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат:

– Намайг шүүхэд өгөх юм байна. Кью Эс Си ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэрт сарын 1.5 тэрбумаар техник, тоног төхөөрөмж түрээсэлдэг баримт байна. Үүнд тайлбар өгнө үү?

  • Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад тоног, төхөөрөмж худалдаж авах шаардлагатай. Тухайн үеийн компанийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн тухайн шаардлагатай техникүүдийг Кью Эс Си ХХК-ийн дээр худалдан авалт хийсэн байдаг. Тухайн худалдан авсан техникүүдийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ашиглахын тулд хамгийн боломжит нөхцөл болох түрээсээр ашиглуулж байгаа. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртээ ямар давуу тал вэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал гарахгүй, ашиглалтын зардал гардаг давуу талтай.

– Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр байгаа барьцаа хөрөнгийг хамгийн сүүлд Хөгжлийн банк үнэлэхэд тавьсан овоолгынхоо талыг аваад явсан. Түрээслээд байгаа техникүүдийг чинь Хөгжлийн банкны шалгалтаар тал нь эвдэрхий, хоёр ширхэг хово машиныг Эрдэнэт үйлдвэрт зарсан байх юм. Барьцаа хөрөнгөө ингээд үрэн таран хийгээд сууж болдог юм уу. Анх 170 тэрбумаар үнэлж байсан барьцаа чинь 37 тэрбум болчихсон байна. Энэ ямар учиртай юм бэ?

  • УИХ-иас томилогдсон ажлын хэсэг барьцаа хөрөнгийг шалгасан. Төмрийн хүдэр болоод баяжмал алга болсон гэдэг нь төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэрээр оруулаад баяжмал болгосон байгаа.

– Тэгэхээр Хөгжлийн банк надад худлаа мэдээлэл өгсөн болж байна уу. Энэ талаар буцаад гүйцэтгэх албаны хүмүүсээс буруу мэдээлэл өглөө гэж хэлж болох уу?

  • Болно.

– Танай компанийн хувьцаа эзэмшигч Бат-Оргил гэдэг хүн байна. Энэ хүн Хөгжлийн банканд ажлаад эсвэл танай компанид ажилладаг гэх юм. Энэ хүн яг ямар учиртай хүн юм бэ?

  • Энэ хүн Кью Эс Си ХХК-тай ямар ч хамааралгүй. Тухайн үед Хөгжлийн банканд ажиллаж байхдаа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаагүй.

– Танайх 71.3 сая ам долларыг Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр Хөгжлийн банкнаас хэрхэн яаж авсан юм бэ. Тухайн үед Хөгжлийн банкны хуулиар Засгийн газрын тогтоолоор бүх шийдвэр гардаг байсан гэсэн. Гэтэл танай компани дээр Засгийн газрын ямарч шийдвэр байхгүй байж, зээл гарчихсан байх юм.

  • Зээл гарахад ямар үйл ажиллагаагаар гаргадаг байсныг мэдэхгүй. Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 17- ны өдрийн 317 дугаар тогтоолоор концессийн жагсаалтыг баталсан байдаг. Энэ жагсаалтын хавсралтын 5 дахь хэсэгт Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл гээд орсон байдаг. Уул уурхайн, металлургийн цогцолбор төслийн хүрээнд хэрэгжүүлэх нэг төсөл нь 33.4 км-ын төмөр замын төсөл байдаг. Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 28- ны 69 дүгээр тогтоолоор концессийн гэрээ байгуулсан байдаг.

– УИХ-ын нээлттэй тайлан дотор танай компанийг Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны өрийн бичгүүдийг батлан даасан. Эсвэл танай өрийн бичгүүдийг Монгол банк худалдаж авч саяхан төлж дуусгасан юм байна. Яагаад та нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрийг барьж, батлан даалт хийгээд өрийн бичиг хийдэг юм бэ. Нийт 600 тэрбум төгрөг?

  • Тухайн үед Монгол банк эдийн засгийг дэмжих зорилгоор компаниудын өрийн бичгийг худалдаж авч байсан. Тэр дунд Кью Эс Си ХХК байсан.

– Танай компани Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлсөн мөртлөө Хөгжлийн банкны зээлээ яагаад хугацаанд төлөхгүй байсан юм бэ?

  • Хамт төлөх боломж байсан. Хөгжлийн банкны зээлийг Монгол улсын Засгийн газар өөртөө шилжүүлж авсан учраас Хөгжлийн банк манай зээлтэй холбоотой ямарваа нэгэн шийдвэр гаргах боломжгүй болсон гэж үзэж байгаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.