Дарханд өрнөж буй үйл явдал

 Дарханд өрнөж буй үйл явдал

Дархан хотод өнөөдөр /2022.04.07/ иргэд жагсаж Дарханы төмөрлөгийн үйлдвэр, түүний эзэмшилд байдаг орд газруудыг төрд буцаан авах шаардлагыг хүргэж байна. Тэд Дархан-уул аймгийн Засаг дарга Б. Азжаргалаар дамжуулан Засгийн газарт дуу хоолойгоо хүргэхийг хүсчээ.

Тэдгээр залуусын тавьж буй шаардлагыг хүргье.

ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР, ОРД БАЯЛГАА ТӨР, АРД ТҮМЭН БУЦААН АВАХ БОЛНО

Улс төр-санхүүгийн дээрмийн бүлгийн толгойлогч Д. Эрдэнэбилэгт шаардлага хүргүүлэх нь

Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэтийн 49 хувь зэрэг төрийн өмч хөрөнгийг дээрэмдэн авсан улстөр-санхүүгийн бүлэглэлийн толгойлогч Д. Эрдэнэбилэг гэгч танд Дарханы иргэд бид энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

Япон улсын зээл, тусламжаар боссон төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэй, Төмөртолгой, Хустайн орд баялгийг концесс нэрээр дээрэмдэн авсан булхай луйврыг чинь бид таслан зогсоож, өөрсдийн өмч хөрөнгөө эргүүлэн авах тэмцлээ эхлүүлснээ мэдэгдье!

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг, Ч. Сайханбилэг, УИХ-ийн дарга асан З. Энхболд нартай үгсэн хуйвалдаж, концесс нэрээр төмөрлөгийн үйлдвэр, орд газруудтай нь хамтад нь үнэ төлбөргүйгээр дээрэмдэн авсан гэмт үйлдэл чинь хөдлөшгүй баримтаар илчлэгдсэн. Д. Эрдэнэбилэг гэгч та сэжигтэйгээр нуугдаж чаддаг байж болох ч таны хулгай дээрэм илчлэгдсээр, худлыг үнэн ялах нь эргэлзээгүй. Та хууль, шүүхийг аргалж ирсэн байж болох ч гэмт үйлдлийг чинь илчлэх цаг боллоо. Одоо болно, Д. Эрдэнэбилэг ээ! Бид үүнээс цааш луйврыг чинь тэвчиж, загас шиг дуугүй байж чадахгүй.

Та 2014 онд Н. Алтанхуягийн, 2015 онд Ч. Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хуйвалдан захиалан гаруулж, концесс нэрийн дор Төмөрлөгийн үйлдвэрийг, Төмөртэй зэрэг 3 баялаг орд газартай нь сохор зоосны үүнгүйгээр дээрэмдэн авсан. Д. Эрдэнэбилэг та өөрийн хөрөнгөөр үйлдвэрт хөрөнгө оруулж, арматур, ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн гаргадаг металлургийн цогцолбор байгуулна гэж худал амлан концессоор аваад, төмрийн хүдрийг нь түүхийгээр нь эсвэл анхан шатны боловсруулалт хийсэн төдийгөөр урагш нь зөөж, 2014-2021 оны хооронд 2 их наяд төгрөгийн орлого олсныг бид мэдэж байна. 30 жилийн концессийн хугацаанд баялгийг нь ховх сорох төлөвлөгөөг чинь бид таслан зогсоож, шударга ёс, алдагдсан боломжоо нэхэж шаардсан тэмцэл эрчтэй эхэлж буйг үүгээр мэдэгдье!

Дарханы төмөрлөгийн үйлдвэр, түүний эзэмшилд байдаг орд газрууд Таны хувийн өмч биш. Та хөлс хүчээ шингээж босгоогүй, та эрж хайж олоогүй. Япон улсын зээл, тусламжаар баригдсан, улсын зардлаар хайгуул хийж илрүүлсэн байгалийн хишиг юм. Төр, АРД ТҮМЭН хувийн өмчийг булааж буй хэрэг биш алдагдсан баялаг, өмч хөрөнгөө буцаан авах нь шударга ёс гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

Үндэсний баялгийг луйвардан авч, шимэгчлэн сорж, жилд 200 тэрбумын орлого олдог мөртлөө Дархан хот, дарханчуудад ямарч үр өгөөжгүй, 100 тэрбум татварын өртэй, цалин хөлсөө ч нэмдэггүй, хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, улсад өр зээлээ төлдөггүй луйврын тор сүлжээг чинь бид тасчин хаях болно. Шуналд хязгаар үгүй гэгчээр манай газар нутгийн баялгийг 8 жилийн турш урагш нь зөөж нийт 2 их наядын орлого олсон мөртлөө өр зээл, татвараа төлдөггүй, төр засаг, татвар төлөгч ард түмэнд учруулсан олон зуун тэрбумын хохирлыг нөхөн төлүүлэх шударга шаардлагаас та энэ удаа бултаж чадахгүй.

Должин овогт Эрдэнэбилэг таныг үйлдсэн гэм нүгэлдээ гэмшин уучлал гуйж, учруулсан хохирлоо барагдуулж, шударгаар шүүлгэхийг хатуу шаардаж байна. Нутаг орон, төрөлх Дархан хотдоо илүү сайн сайхан амьдрах бидний боломжийг хулгайлсан гэм нүглийг чинь түүх, шударга ёс өршөөхгүй. Бидний шаардлагад 24 цагийн дотор хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно.

Бүтээн байгуулалтын түүхэн уламжлалтай, ажил хөдөлмөрч дарханчууд бид өөрсдийнхөө гараар Дарханаа шинээр сэргээн босгож чадна.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээ төр, ард түмэнд буцаан авах түр хороо

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.