Цагдаад зодуулж,баригдсан залуугийн АХ: Зургаан сартай жирэмсэн эхнэр,18 настай дүүг минь нохой шиг зодож, барьж явчихаад хаана байгааг нь хэлэхгүй байна

 Цагдаад зодуулж,баригдсан залуугийн АХ: Зургаан сартай жирэмсэн эхнэр,18 настай дүүг минь нохой шиг зодож, барьж явчихаад хаана байгааг нь хэлэхгүй байна

Өчигдөр Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан амьдаръя” залуучуудын жагсаал болсон билээ. Цагдаагийн албан хаагчид өнгөрсөн шөнө 04:00 цагийн орчимд жагсаалыг албадан тараасан байдаг. Энэ үеэр архидан согтуурсан, танхайрсан гэх үндэслэлээр 20 гаруй залууг баривчилж, саатуулсан юм. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид нэгэн залууг зодож, өшиглөж, хүч хэрэглэж баривчилж байгаа бичлэг цацагдаад байгаа билээ.

Бид цагдаа нарт зодуулж, баригдсан залуугийн ах Б-тэй ярилцлаа. Түүний зургаан сартай жирэмсэн эхнэр 18 настай дүүгээ авахаар жагсаал руу очоод мөн баригдаад явжээ.

-Таны дүү хэдэн цагийн үед жагсаалд оролцохоор явсан бэ?

        -Өчигдөр бид 18:00 цагийн үед ажлаа тараад гэртээ цуг харьсан. Дүү минь 18 настай. Ажлаа тараад гэртээ очоод, утсаараа тоглоом тоглоод сууж байсан. Тэгээд фэйсбүүкээс залуучууд жагсаж байгааг олж  харсан юм билээ. Гэнэтхэн л 22:00 цагийн үед гэрээсээ гараад явчихсан байсан. Дүү минь хөгшин настай ээжтэйгээ цуг амьдардаг юм. Ээж гэрээсээ гарахыг нь мэдээгүй байна лээ. Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл бага учраас бухимдаад очсон байх. Тэгээд 02:00 цагийн үед дүү залгаад “Ах аа, энд аймар юм болж байна. Хурдан ирээд ав” гэсэн. Би ахтайгаа, зургаан сартай жирэмсэн эхнэртэйгээ цуг талбай руу явсан. Төв талбайн зүүн талд машинтайгаа очоод, зогссон. Машин дөнгөж зогсонгуут цагдаа нар “Машинаасаа буу, хурдан буу” гээд хашхираад байсан. Тэгээд эхнэр, ах хоёр маань машинаасаа буугаад үлдсэн. Би машинтайгаа хөдлөөд талбайн баруун талд очсон. Тэгээд эхнэртэйгээ уулзаж чадаагүй, хайгаад олоогүй. Одоо хүртэл олж чадахгүй байж байна.

-Эхнэр тань хамгийн сүүлд тань руу хэзээ утсаар ярьсан юм бэ?

        -Би цагдаа нарт хөөгдөөд талбайн баруун талд очиход л эхнэрийг нь бариад авчихсан юм билээ. Ах, эхнэр хоёрыг машинаас буунгуут нь цагдаа нар урдаас нь ирээд, “Хурдан яв” гээд араас нь түрээд хөөсөн гэсэн. Тэгээд эхнэр маань дүүгээ олж харсан юм шиг байна лээ. Дүүгийн нэрийг хэлээд эргээд алхахад нь л цагдаа нар бариад авсан гэсэн. Ах маань эхнэр рүү минь явах гэтэл цагдаа нар “Чи ч гэсэн баригдмаар байна уу” гээд сүрдүүлж, урагшаа явахыг тушаасан гэсэн. Цагдаа нар нэг хүнийг зодож, өшиглөөд, нохой шиг баривчилж байгаа бичлэг дээрх хүн бол миний 18 настай дүү. Эхнэр минь дүүгээ тэгж зодуулж байхыг хараад эргээд очих гэхэд нь л баривчилчихлаа.

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг баривчилсан гэж мэдэгдсэн?

       -Миний дүү, эхнэр хоёр архи уугаагүй. Уудаг ч хүмүүс биш. Нэг нь “Хурдан ирж ав. Цагдаа нар явуулахгүй байна” гэж залгаад, нөгөө нь дүүгээ зодуулж байхыг хараад авах гэж байгаад баригдчихсан. Монголын цагдаа гэм зэмгүй иргэдээ баривчилж, сүрийг үзүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Эхнэр, дүү хоёроо эрүүл саруул авчихаад талбай дээр очиж дахин жагсана.

-Одоо хаана байгааг нь мэдсэн үү?

        -Дүүтэйгээ холбоо барьж чадахгүй байна. Эхнэр маань шөнө 03:00 цагийн орчимд “Төмөр замын цагдаагийн газар руу ачигдаад явж байна” гэж ярьсан. Тэгээд дараа нь “Дэнжийн мянга руу явах юм шиг байна” гэж хальт яриад, утас нь унтарчихсан. Одоо хаана байгааг нь үнэхээр мэдэхгүй байна. шөнөжин байж болох, хүргэх газраар нь хайсан боловч мэдэж чадаагүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү ирсэн ч мэдэхгүй байна. Эрүүлжүүлэх байрнаас нь шүүлгэхээр нэр гарч ирэхгүй байна. Зургаан сартай жирэмсэн эхнэр, 18 настай дүүг минь нохой шиг зодож, барьж явчихаад хаана байгааг нь хэлэхгүй байна.

-Дэнжийн мянгын саатуулах байр руу очиж үзсэн үү?

         -Ах бид хоёрт очоогүй газар байхгүй. Хөгшин настай ээж минь Дэнжийн мянгын саатуулах байрны гадаа хүлээгээд зогсож байгаа.

Цагдаад зодуулж, баригдсан залуугийн АХ: Зургаан сартай жирэмсэн эхнэр, 18 настай дүүг минь нохой шиг зодож, барьж явчихаад хаана байгааг нь хэлэхгүй байна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.