ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН ОХИН КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХЭЭР БОЛЛОО

 ЭРДЭНЭС МОНГОЛ  ХХК-ИЙН ОХИН КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХЭЭР БОЛЛОО

Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа.

2006 онд байгуулагдсан “Эрдэнэс Монгол” ХХК 2012, 2013, 2016 онуудад Засгийн газрын шийдвэрээр компанийн дүрмээ шинэчилж байв.

Шинэчлэн баталсан дүрмээр Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.  

Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Чуулганы танхимд хэлсэн үгэндээ  тус компанийг дэлхийн жишигт нийцсэн группийн хэмжээнд ажиллуулна гэдгийг дурьдаж байсан. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа доголдсон, ил тод, нээлттэй, авлигаас ангид байх ёстой гэдгийг ч хатуухан сануулж байв.

Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хийгдсэн дүрмийн шинэчлэлд хэд хэдэн өөрчлөлт орсон. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хараат болон охин компаниудын үйл ажиллагааг ижил төстэй байдлаар төрөлжүүлж нэгдсэн стратеги, удирдлагаар хангах талаар дүрэмд тусгасан байна.

Шинэчилсэн дүрэмд хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгох зорилгоор хөрөнгийн үнэлгээ, зээлжих зэрэглэлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар тогтоолгодог байх, гадаад дотоодын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татах, хөрөнгө оруулагчид, компанийн оролцогч талуудын итгэлийг олох, хөрөнгө оруулах, хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарах зэрэг асуудлыг тусгажээ.

Үүнээс гадна ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагад тулгардаг чухал асуудлын нэг болох ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах, компанийн ажилтан бүрийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэмтэй байх талаар дүрэмд тусгаж өгчээ. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн сахилга бат, хяналт сайжран зардал хэмнэх, мэргэжлийн туршлага бүхий боловсон хүчин ажиллах боломжууд нээгдэх юм.  

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг  холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, шинэчилсэн дүрэмд нийцүүлэн нэгдлийн охин болон хараат компаниудын дүрэм, нэгдлийн хэмжээнд мөрдөх бодлого, журам, гэрээ зэрэг баримт бичгүүдийг шинэчлэx ажлыг хэрэгжүүлж  дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад даалгалаа.

Мөн хуралдааны үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа нь зогссон зарим охин компани болон тэдгээрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгахыг гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.